Аймгийн арслан М.Еркебулан Баян-Өлгийн оны шилдэг бөхөөр тодорчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-12-10 23:41:23

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн "Өлгийн хүчтэн" бөхийн дэвжээнийхэн "Хамтын хүч амжилт-2018" шинэ жилийн цэнгүүнээ энэ сарын 9-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулж, оны шилдгүүдээ тодруулсан байна.

Тэрээр "2017 оны шилдэг бөх"-өөр Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат, аймгийн арслан  М.Еркебуланыг нэрлэжээ. Мөн "Оны шилдэг манлайлагч бөх"-өөр Дэлүүн сумын харьяат, аймгийн арслан Н.Мустафа, "Оны шилдэг ивэн тэтгэгч"-ээр Цомбо ХХК-нийн гүйцэтгэх захирал К.Ерик нарыг тус тус тодруулжээ.  

Аймгийн арслан М.Еркебуланы хувьд саяхан Монголын Үндэсний Бөхийн Холбооноос гаргасан шилдэг бөхчүүдийн чансаанд 4795 оноогоор 39 дүгээр байрт эрэмбэлэгджээ. Түүнчлэн өнгөрсөн 10 дугаар сарын 22-ны өдөр болсон Монгол Улсын Хөдөө аж ахуйн хоршоологчдын төв байгууллага үүсч хөгжсөний түүхт 50 жилийн ой, начин цолны 11 дахь удаагийн хүндэтгэлийн барилдаанд одтой сайхан барилдаж улс, аймгийн алдар цолтой 256 бөхөөс үзүүрлэсэн юм.

Нутгийн зон олны зүгээс түүнийг улсын начин Б.Баатарцол, Б.Серик нарын цолны буухиаг үргэлжлүүлж, тун удахгүй улсын цолонд хүрнэ хэмээн итгэж байна.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ