“G20” терроризмын эсрэг нэгдлээ

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2015-11-17 17:27:44

Турк улсын Анталья хот хоёр хоногийн турш дэлхийн улстөрийн бодлогын төв байлаа. Учир нь, хөгжингүй болон хөгжиж буй эдийн засгуудыг нэгтгэдэг "G20” бүлгийн /бидний “Их-20” гэж буруу нэрлэж заншсан/ ээлжит Дээд хэмжээний уулзалт 15-16-ны өдрүүдэд тус улсын баруун өмнөд эрэг дэх аялал жуулчлалын энэ хотод болсон юм.

“G20” буюу “20-ийн бүлэг” бол дэлхийн эдийн засаг, санхүүгийн хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцдэг чуулга уулзалт бөгөөд уг бүлэгт багтдаг улс орнуудад дэлхийн ДНБ-ий 85 хувь, нийт худалдааны эргэлтийн 75 хувь нь ногдож, дэлхийн хүн амын 2/3 нь амьдардаг байна. G20-д багтдаг орнуудыг кирилл цагаан толгойн үсгийн дарааллаар нэрлэвэл: Австрали, АНУ, Аргентин, Бразил, Герман, Индонез, Итали, Их Британи, Канад, Мексик, Орос, Өмнөд Солонгос, ӨАБНУ, Саудын Арави, Турк, Франц, Хятад, Энэтхэг, Япон болон Европын Холбоо болно. 

Энэ удаагийн Дээд хэмжээний уулзалт 10 дахь удаагаа болж буй тэмдэглэлт үйл явдал хэдий ч сүр дуулиан болсонгүй, уур амьсгал дүнсгэрдүү байсан нь Парист болсон террорист халдлагатай холбоотой. Уулзалтад оролцогчид нэг минут чимээгүй зогсон халдлагын үеэр амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн эмгэнэл илэрхийлэв.

Халдлагатай холбоотойгоор Францын Ерөнхийлөгч Ф.Олланд Антальяд ирээгүй бол улсаа төлөөлөн Гадаад хэргийн сайд Л.Фабиус, Сангийн сайд М.Сапен нар  оролцжээ.

Дээд хэмжээний уулзалтад оролцогчид бүх нийтийг хамарсан /глобал/ аюул заналтай тэмцэхийн тулд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай мэдэгдэл болон Эдийн засгийн асуудлаарх хамтарсан мэдэгдэл гэсэн 2 төгсгөлийн баримт бичгийг батлан гаргалаа. “G20” бүлэг байгуулагдсан цагаасаа хойш анх удаагаа чуулга уулзалтын үр дүнг тусгасан хоёр баримт бичиг гаргаж байгаа нь энэ юм.

Францын нийслэлд болсон халдлагаас үүдэн дэлхийн хамгийн нөлөө бүхий орнуудын улстөрчид терроризмын асуудалд нухацтай хандаж, зөвхөн хамтарсан хүчээр л энэ аюултай тэмцэх нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрлээ. “Лалын улс” бол гол дайсан гэдэгтэй бүгд санал нэгдэв. Австралийн Брисбен хотод болсон өмнөх уулзалтын үеэр оролцогч орнуудын хооронд зарим зөрчлүүд гарч байсан бол Антальягийн уулзалтаар “ашиг сонирхол огтлолцох цэг”-ийг олохын төлөө улс орнууд ихэд хичээжээ. Оросын Ерөнхийлөгч В.Путин Брисбений уулзалтыг дуусаагүй байхад нь орхин явж байсан бол Антальяд тэрбээр анхаарлын төвд байлаа.

“Лалын улс”-ын террористууд Парист халдан довтолсноос үүдэн дэлхийн эдийн засаг, санхүүгийн тогтолцооны талаар ярилцдаг байсан тус уулзалтын хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд өөрчлөлт орсноор бүх нийтийн /глобал/ аюулгүй байдлыг эн түрүүнд хөндөж, ялангуяа “Лалын улс” бүлэглэлийг даран устгах асуудалд гол анхаарлаа хандуулсан байна.

“Лалын улс”-тай тэмцэхийн тулд агаарын цохилтоо эрчимжүүлэх нь зүйтэй гэж эвслийн гол орнуудын удирдагчид үзсэн хэдий ч АНУ, Арабын орнууд, Оросын агаарын цэргийн хүчний ажиллагааг уялдуулан зохицуулах талаар тодорхой зүйл ярьсангүй. Харин Их Британи улс “Лалын улс”-ын эсрэг олон улсын эвсэлд шинээр элсч, нисэх хүчний эскадрилаа байлдааны ажиллагааны бүс рүү илгээхээ мэдэгдлээ.

Цэргийн ажиллагааг эрчимжүүлэхийн сацуу алан хядагчдыг санхүүжүүлж буй мөнгөний урсгалыг хаах нь зүйтэй гэдгийг Оросын Ерөнхийлөгч онцлон дурдсан байна. Террористууд дэлхийн 40 орноос санхүүжилт авахын зэрэгцээ нефть болон эзлэгдсэн хотуудын иргэдээс дээрэмдэн авсан үнэт зүйлсийг зарж борлуулан мөнгө олж байна. “G20”-ийн удирдагчид Сирийн иргэний дайныг эцэс болгож, дайтагч талуудын цэргийн хүчийг “Лалын улс”-ын эсрэг чиглүүлэх нь зүйтэй гэдэг дээр санал бүрэн нэгдлээ. Хэрвээ Сириэс “Лалын улс”-ынхныг хөөн гаргаж чадвал тэдний эзлэн авсан газар нутгийн хэмжээ хоёр дахин хумигдах юм.

Антальягийн форумд оролцогчид дээрх асуудлын зэрэгцээ дэлхийн эдийн засгийн өсөлт, ОУВС-гийн шинэчлэл, Татвар хураалтыг хялбаршуулах, Ойрхи Дорнодоос Европыг чиглэж буй дүрвэгсэд, уур амьсгалын өөрчлөлт, "Туркийн урсгал" хийн хоолой болон Орост төлөх Украины өр гэсэн сэдвүүдийг хөндөн ярилцлаа.

Дүрвэгсдийн асуудал
Энэ бол яах аргагүй хамгийн тулгамдсан асуудлуудын нэг. Антальягийн уулзалтын өмнөхөн "Турк улс Сирийн дүрвэгсдийг нутагтаа байрлуулахын тулд төсвөөсөө 8,5 тэрбум доллар зарлагадсан" гэх мэдээлэл тарсан байв. Гэтэл Европын Холбооныхон хямралыг шийдэх тал дээр санал зөрөлдөөнтэй хэвээр. Одоо дайны хөлд нэрвэгдсэн Сири, Ирак, Афганистан төдийгүй Ази, Африкийн ядуу орнуудын хөдөлмөрийн чадвартай иргэд Европ руу бөөнөөрөө цувж байна.

Туркэд уулзсан “G20”-ийн удирдагчид мэдэгдэхдээ “улс орнууд дүрвэгсдийг нутагтаа байрлуулах болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх нь зүйтэй” гэдгийг хүлээн зөвшөөрөв. 2017 онд дүрвэгсдийн тоо 3 саяд хүрч магадгүй болоод байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлын тухайд, Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Модигийн хийсэн мэдэгдэл хамгийн ихээр анхаарал татав. Тэрбээр хэлэхдээ “Сэргээгдэх эрчим хүчийг өргөнөөр ашиглахын тулд санхүүжилт болон технологийг хүртээмжтэй болгох нь зүйтэй” гэдгийг дурдаад “үүний тулд улс орнууд 2020 он гэхэд 100 тэрбум доллар зарцуулах хэрэгтэй” хэмээн уриалжээ.

Украины өр

Украинчуудын хувьд Москвад төлөх ёстой 3 тэрбум доллароо төлөхөд ердөө ганц сарын хугацаа үлдээд байна. Гэтэл мөнгөгүй болсон Киев дефолт зарлахад тун ойрхон иржээ. Оросын хувьд гэвэл, хэрвээ АНУ, Европын Холбоо батлан даах аваас өр төлөх хугацааг 3 жилээр хойшлуулж болох юм гэсэн хариу өглөө.

ОУВС-ын шинэчлэлийн тухайд гэвэл, хөгжиж буй орнуудын тус банкинд эзлэх квотыг нэмэгдүүлэх тухай асуудлыг “G20”-ийнхон олон жилийн турш хэлэлцэж байгаа боловч АНУ-ын баримталж буй эсрэг байр сууриас болоод гацаанд орчихоод байгаа юм. АНУ-ын парламент зохих хуулийг батлахгүй тохиолдолд энэ шинэчлэл үндсэндээ зогсоно. Хөгжиж буй орнуудын квотыг анх тогтоосноос хойш тэдгээрийн дэлхийн эдийн засагт эзлэх байр суурь байнга өсөн нэмэгдэж байгаа нь квот нэмэгдүүлэх тухай маргаан дэгдэхэд хүргээд байгаа юм.

“Туркийн урсгал” хийн хоолой

Оросын “Газпром” компанийн хэрэгжүүлж буй хамгийн том төсөл болох “Туркийн урсгал” хийн хоолой байгуулах тухай асуудлыг Орос, Туркийн удирдагчид хөндөн ярилцсан байна. 32 тэрбум шоо метр хий шахах хүчин чадалтай энэ хоолойг Анапаас Хар тэнгисийн ёроолоор Турк хүртэл тавиад тэндээсээ байгалийн хийг Европын орнууд руу хуваарилан түгээх юм. Уг зорилго нь, Украин зэрэг дамжуулагч орнуудаас хараат байдлыг халах явдал ажээ.   

Ханжоу “G20”-г хүлээн авна

“20-ийн бүлэг”-ийн дараагийн уулзалт Хятад улсын Ханжоу хотод 2016 оны 9 дүгээр сарын 4-5-ны өдрүүдэд болно гэж уулзалт өндөрлөсөн даваа гарагт Хятадын удирдагч Си Зинпин мэдэгдлээ. Учир нь, “G20”-ийг даргалах эрхийг БНХАУ ирэх 12 дугаар сарын 1-нд Турк улсаас шилжүүлэн хүлээн авах юм. Шанхайгаас баруун өмнө зүгт 180 км-ийн зайд орших Ханжоу хот цайны тариалан болон Сиху нуураараа алдартай ажээ.

Уулзалтын эргэн тойронд

Анталья хотын захирагчийн ярьснаар, эл арга хэмжээнд 13 мянга орчим хүн оролцсон байна. Зөвхөн АНУ-ын төлөөлөгчид гэхэд 1000 хүний бүрэлдэхүүнтэй байсан бол 1500 орчим хэвлэл мэдээллийнхэн уулзалтыг сурвалжилжээ.

Дээд хэмжээний уулзалтын үеэр аюулгүй байдлыг хангах талаар хатуу чанд арга хэмжээ авсан байна. Хотын эргэн тойрны 200-300 км-ийн радиуст цагдаагийн постууд ажиллаж, нийтдээ 14 мянган цагдаагийн албан хаагч хамгаалалтад гарчээ.

Уулзалт болж байх үеэр гурван муур хурлын танхимын тайзан дээр үе үе гарч ирэн, хүмүүсээс огтхон ч эмээлгүйгээр улс орнуудын далбаануудыг сүлжилдэн гүйлдэж байсан нь цугларсан олныг багагүй хөгжөөсөн гэнэ. Туркууд мууранд онцгой хүндэтгэлтэй ханддаг болох нь үүнээс харагдана.

Б.Адъяахүү 

Холбоотой мэдээ