Хэнтийчүүд малын гоц халдварт өвчинтэй бүх талаараа тэмцэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-11-02 19:59:12
Хэнтий /МОНЦАМЭ/. “Орон нутгийн зүгээс өөрсдийн нөөц боломжоороо малын гоц халдварт өвчинтэй тэмцэж байна” хэмээн өнөөдөр хуралдсан онцгой комиссын хуралдааны үеэр Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба хэллээ.
Он гарсаар тус аймгийн хэмжээнд 11 суманд шүлхий болон цэцэг өвчин илэрч, тус аймгийн Онцгой комисс 10 удаа хуралдаж, Засаг даргын нөөц сангаас 59,6 сая төгрөг зарцуулаад байна.

Одоогоор нийт 11 сумын 265 өрхийн 304,480 м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж, 4.8 тн хлорын шохой, 30 кг Hi cop зарцуулаад байгаа аж. Мөн эдгээр суманд 51 постонд давхардсан тоогоор 298 хүн, 54 техник хэрэгсэл ажиллуулжээ.

Вакцинжуулалтын хувьд энэ оны хоёрдугаар сард 1430124 толгой мал, тавдугаар сард нэмэлтээр таван суманд 193595 малд тарилга хийсэн байна.

Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад 564.9 мянган мал, бруцеллёзоос урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад энэ онд шинээр гарсан охин тугалын 45 хувийг, хурга, ишигний 80 хувийг хамруулжээ. Мөн есөн сумын 400595 толгой малыг урьдчилан сэргийлэх тарилгад хамруулсан байна. Дээрх вакцинжуулалтын ажлыг хийж гүйцэтгэхэд 83 ажлын хэсэгт нийт 314 хүн оролцжээ.

Хэнтий аймгийн хэмжээнд 18 сумын 1810,9 мянган малыг угаалганд хамруулж, малын гоц халдварт өвчнүүдийн вирус бактериар бохирлогдсон хашаа, хороо, бэлчээр худаг уст цэг, устгалын цэг зэрэг 891.2 мянган м2 талбайг халдваргүйжүүлсэн байна.

Мөн тус аймгийн Засаг даргын захирамжаар малыг эктопаразитаас хамгаалах зорилгоор бүх суманд угаалгын ажил зохион байгуулж, 18 сумын 723 малчин өрхийн 301155 м2 өвөлжөө, хаваржааны хашаа саравчинд халдваргүйжүүлэлт хийсэн аж.
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ