Монголын уулчид дэлхийн зартай оргилуудад бүгдэд нь гарчээ

Видео
montastudio@montsame.gov.mn
2017-10-25 15:11:21
Монгол оронд уулын спорт үүсэж хөгжөөд хагас зуун жил болж байгаа ч эл хугацаанд Монголын уулчид дэлхийн зартай долоон оргилын бүгдэд гарч чадсан билээ.
Манай улс өнгөрсөн зууны дунд үеэс уулын авиралтыг спортын албан ёсны төрөл болгон хөгжүүлж иржээ. Тухайлбал, 1951 онд улс хувьсгалын 30 жилийн ойг угтаж залуу тамирчид анх удаа 2800 метр дэх Хэнтий нурууны ноён оргил Асралт хайрханд улсынхаа далбааг мандуулсан юм. Тэрчлэн Монгол орны хамгийн өндөр цэг болох Алтай таван богдын Хүйтний оргилд гарснаар энэхүү спортыг жинхэнэ утгаар нь тунхагласан билээ. Монгол орон Ази тивийн уулархаг бүс нутагт оршдог нь уулын спортын бүх төрөл хөгжих үндэс болсон байдаг. 1987 онд Г.Найдан, Ж.Баянцагаан, Д.Чадраабал, Ш.Нямдаваа, С.Баттөмөр, Р.Эрдэнэсүрэн нар Европ тивийн Эльбруст төрийн далбайгаа мандуулсан бол 1999 онд Л.Болдбаатар Африк тивийн Климанжоро, 2000 онд Америк тивийн Аканкагуад, 2005 онд Г.Өсөхбаяр Ази тивийн Эверест,  2008 онд Хойд Америк тивийн Макинли, 2009 онд С.Заяа, Х.Сэлэнгэ, П.Сарантуяа, С.Одончимэг, Ч.Тэрбиш, Ганхүү нар Австрали тивийн Косцюшко, Антарктид тивийн Винсон Массиф оргилуудад гарчээ. Хожим нь Монгол Улсын гавъяат тамирчин,  уулчин бүсгүй Б.Гангаамаа дээрх бүх оргилуудад мөн улсынхаа далбааг мандуулсан юм.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд