АСЕМ-ын шинэ эрин Улаанбаатарт эхэлнэ

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2015-11-11 17:14:03

Ирэх зун Улаанбаатарт болох АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын өмнөх хамгийн өндөр түвшний арга хэмжээ болох тус байгууллагын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын 12 дахь удаагийн уулзалт  Люксембургийн Их Вант улсад 5, 6-нд болж өнгөрлөө. Энэ хуралд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Б.Даваадорж болон Бельги улсад ажилладаг дипломат ажилтнууд орсон юм.  

Ази, Европ гэсэн хоёр тивийн орнуудын хооронд санал солилцох механизм болж байдаг энэ байгууллагын гишүүн орнуудын дипломат байгууллагын тэргүүн нарын ээлжит хурал “АСЕМ: Тогтвортой, аюулгүй ирээдүйн төлөө хамтын ажиллагаа” сэдвээр болж, түүний үйл явцыг сурвалжлахаар Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, МҮОНТ-ийн ММ агентлаг, “Өдрийн сонин”-ы сэтгүүлчдээс бүрдсэн баг ажилласан юм. 

Сайд нарын уулзалт Люксембург хот дахь “Еuropean Convention Center” /Европын Хурлын төв/ гэдэг газарт болов. Люксембург улс он дуустал Европын Холбоог даргалж байгаа учраас энэ удаагийн уулзалтыг зохион байгуулах үүргийг өөртөө хүлээжээ.

Мянгаас дээш тооны хүн оролцсон бүхий л арга хэмжээг зохион байгуулах хүчин чадалтай энэ нүсэр байгууламжид 785 хав.дөр.м, 729 хав.дөр.м талбай бүхий хоёр том хурлын танхим байдаг. Сэтгүүлчдийг ажиллах нөхцөл боломжоор хангасан тухайд гэвэл өөлөх зүйл огтхон ч байсангүй, үнэхээрийн “төгс сайн” зохион байгууллаа. 350 хав.дөр.м талбай бүхий 470 суудалтай мэдээллийн төвийн асар том танхимд 100 орчим сэтгүүлч чөлөөтэй ажиллаж, АСЕМ-ынГадаад хэргийн сайд нарын 12 дахь удаагийн уулзалтыг сурвалжилсан юм.  

Ирэх жил АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах гэж байгаа гэдэг утгаараа Монголын төлөөлөгчдийн ярьж хэлсэн зүйлүүд хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд байлаа. Уулзалт дууссаны дараа болсон хэвлэлийн бага хурлыг Европын Комиссын Гадаад хэрэг, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Ф.Могерини, Люксембургийн Гадаад хэргийн сайд Ж.Ассельборн нарын хамт манай сайд Л.Пүрэвсүрэн явуулсан нь үүнийг гэрчилнэ.

АСЕМ-ын Гадаад хэргийн сайд нарын энэ удаагийн уулзалтын явцад бүс нутгийн хүрээнд үүссэн олон асуудлыг хэлэлцсэн юм. Үүнд уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, Европ тивийг нөмрөн орж ирж буй дүрвэгсдийн асуудал, хүний эрх, авлигын асуудлуудыг хөндөн ярилцлаа.

Түүнчлэн Сирид болж буй иргэний дайн, Украины байдал, Израиль-Палестины мөргөлдөөн, Өмнөд Хятадын тэнгис дэх Спратли бүлэг аралтай холбоотой газар нутгийн маргаан гэх зэрэг бусад олон асуудлыг хэлэлцсэн.

Гэхдээ АСЕМ бол НҮБ, НАТО, АСЕАН зэрэг олон улсын байгууллагуудтай адил шийдвэр гаргадаг бүтэц биш, харин улс орнуудын бодлого боловсруулагчид өөр хоорондоо албан бус байдлаар санал бодлоо солилцдог чөлөөт индэр хэмээн ойлгох нь зүйтэй. Ингэхдээ уулзалтаар хэлэлцэх сэдвийг урьдчилан төлөвлөдөггүй бөгөөд ямар асуудал илүүтэй анхаарал татаж байгаа нь мэтгэлцээний явцад тодорхой болдог байна.

АСЕМ нь анх 1996 онд 26 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн бол өдгөө Ази тивийн 21, Европын 30 улс, хоёр олон улсын байгууллагыг нэгтгэсэн яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг дэмжих зорилготой албан бус механизм болжээ.

АСЕМ-ын үйл ажиллагаа нь бусад олон улсын байгууллагуудаас ялгарах хэд хэдэн онцлог талтай. Юуны өмнө, улс төр, эдийн засаг, нийгэм соёлын тулгамдсан асуудлыг бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид хоорондоо албан бус байдлаар чөлөөтэй  ярилцан хэлэлцдэг. Хоёрдугаарт, хоёр тивийн харилцааны бүхий л чиглэлтэй холбоотой асуудлаар яриа мэтгэлцээн өрнүүлдэг.

Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягийн хэлсэнчлэн, АСЕМ нь хоёр тивийн орнуудын хамтын ажиллагааны бодлогыг боловсруулдаг “лаборатори” болж чаджээ.

Тив хоорондын яриа хэлэлцээний ийм төрлийн механизм нэлээд эрт бий болсон боловч Ази-Европын хувьд хожуухан буюу 19 жилийн өмнө бүрэлдсэн байна. Жишээ татахад, Ази-Африкийн уулзалт гэхэд хэдийнэ 60 жилийн нүүр үзжээ. АСЕМ-ын гишүүн орнуудад дэлхийн хүн амын 63 хувь нь амьдарч, дэлхийн ДНБ-ний 60 хувийг үйлдвэрлэж байгаа хэдий ч хоёр тивийг холбосон худалдааны сүлжээ өнөөг хүртэл бий болоогүй байгаад уулзалтад оролцогсод шүүмжлэлтэй хандлаа.  

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн уулзалтын үеэр ОХУ, Их Британи, Япон, Нидерланд, Тайландын Гадаад хэргийн сайд нартай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон юм.

Гадаад хэргийн яамны АСЕМ хариуцсан ахлах тушаалтан, Элчин сайд Л.Оргил салбар хуралдаанд үг хэлэхдээ Хельсинкийн Тунхаглалтай төстэй баримт бичгийг ирэх жилийн Улаанбаатарын Дээд хэмжээний уулзалтын явцад гаргахыг зохион байгуулагч орны зүгээс санал болгож байгааг дуулгасан юм. 2006 онд АСЕМ-ийн 10 жилийн ой болж, дараагийн 10 жилд баримтлах чиглэлээ тодорхойлон Хельсинкийн Тунхаглалыг баталж байсан юм. Үүний нэгэн адилаар 3 дахь 10 жилийн үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг Улаанбаатарын Тунхаглал хэмээн гаргахыг манай төлөөлөгчид санал болгосон хэрэг. 

Хуралдааны хоёр дахь өдөр Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулагч орны хувьд үндэсний урлаг, өв соёлын дээжээс АСЕМ-ын зочид, төлөөлөгчдөд сурталчлан, Монголын соёлын арга хэмжээг зохион байгуулж, Герман улсад амьдардаг уран бүтээлчдээ урьж оролцуулсан юм. 

Гадаад хэргийн сайд нарын 12 дахь удаагийн уулзалт өндөрлөснөөр АСЕМ-ын үйл ажиллагааны 3 дахь арван жилийн буухиа Монгол Улсад өртөөлөн ирлээ.

Манай улс ардчилал, чөлөөт зах зээлд шилжиж, гадаад бодлогын үзэл баримтлалаа өөрчлөн шинэчилснээс хойш 25 жил өнгөрч байгаа бөгөөд энэ хугацаанд гадаад харилцааны салбарт бид асар их амжилт олсон гэдгийг АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг эх орондоо зохион байгуулах эрхийг авсан явдал нотолж байна.

...АСЕМ-ын Дээд түвшний уулзалт Улаанбаатарт болох гэж байгаа энэ үед уг арга хэмжээний ач холбогдлыг бууруулах, муучлан гутаах зорилго бүхий элдэв хорон үг яриа тархсаар байгаа. Тухайлбал, Хойд Солонгос Дэлхийн залуучууд оюутны их наадмыг 1989 онд хийснээсээ хойш өөдлөхөө байсан, грекчүүд 2004 оны Олимпын дараачаас дампуурлын замдаа орсон, өтгөн шингэнийхээ үнэрт дарлуулж байж АСЕМ-тай манатай, дээрх хоёр улсын адилаар дампуурах замдаа шуудран орно гэхчлэн даапаалсан өнгө аяс илт мэдрэгдэж байна.

Ийм нөхцөл байдалд АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтын ач холбогдлын талаар олон нийтэд зөв ойлголт өгөх нь нэн чухал болоод байна. Ирэх жилийн Дээд хэмжээний уулзалтыг Монгол орноо сурталчлах нэн таатай боломж гэж харах нь зүйтэй бөгөөд Монголын тухай сурталчилгаанд эрс өөрчлөлт хийх цаг нэгэнт болсныг хэлэх нь зүйтэй. Өвгөнтийн хөндийн архичид, траншейны хүмүүсийн амьдралыг харуулсан элдэв киногоо энд тэндхийн кино наадамд сойсоор байгаад гадныхны сэтгэхүйд Монголын талаарх барзгар төсөөллийг хүчээр бий болгочихсон байна. Ийм төсөөллийг арилгаж, "бид бол хүн төрөлхтөнтэй хөл нийлүүлэн алхаж буй үндэстэн мөн" гэдгээ харуулах ёстой.    

Нэгэнт л болно бүтнэ гээд эрхийг нь авчихсан хойно эл нүсэр арга хэмжээг улсаа сурталчлах боломж болгон хувиргаж, нэр төртэй, хариуцлагатай зохион байгуулах л үлдлээ. Ирэх наадмын дараа зөвхөн Дээд хэмжээний уулзалт болоод өнгөрнө гэж хүмүүсийн дийлэнх нь бодож байгаа байх. Гэтэл үнэндээ бол ирэх хаврын 4 дүгээр сараас эхлээд Монгол орон тэр чигээрээ АСЕМ-аар “амьсгалж” эхэлнэ. 4 дүгээр сарын 20 – доор Ази-Европын парламентын 9 дүгээр уулзалт болох бол залгуулаад Сангийн сайд нарын уулзалт, Бизнес форум, Ахлах ажилтнуудын семинар, Залуу манлайлагчдын хурал гээд 8 том арга хэмжээг Улаанбаатарт зохион байгуулахаар хуваарь нь нэгэнт гарчээ. Харин үүнийг “гэрээ зараад олон улсын хурал хийх гэж байна” хэмээн зарим хүмүүс шүүмжилж хэл амаа билүүдэж байгаа бололтой.

Энэ бол илт өрөөсгөл ойлголт юм. Дэмжиж тусална гэсэн улс орон, олон улсын байгууллага олон байна. Тухайлбал, Европын Комиссын зүгээс АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулахад бүхий л талаар дэмжлэг үзүүлэхээ тус комиссын тэргүүн Ж.К.Юнкер манай Ерөнхийлөгчид амласан байгаа. Ахлах ажилтнуудын хурлын зардлыг Европын Холбоо, Залуу лидерүүдийн дээд хэмжээний уулзалтад оролцогчдын зардлыг Ази, Европын сан, 50 гаруй орноос ирэх оюутнуудын зардлыг Швейцарь улс даана гэдгээ Люксембургийн уулзалтын үеэр мэдэгдэж байна лээ. Тэгээд ч залуусын хувьд Монголд ирээд заавал Шангрила зэрэг өндөр үнэтэй зочид буудлуудад тансаглах шаардлагагүй, оюутны байранд байрлангаа монгол залуусын ахуй байдалтай танилцсан шигээ “даруухан” байхаар зохицуулах боломжтой.

Дашрамд дурдахад, энэ бүх хурал, арга хэмжээтэй холбоотой мэдээллээр хангах ажлыг хариуцсан АСЕМ-ын Мэдээллийн төв Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн байранд тун удахгүй нээгдэнэ.

Нутаг багатай ч нөлөө ихтэй Люксембург

Люксембург улс он дуустал Европын Холбоог даргалж байгаа учраас энэ удаагийн уулзалтыг зохион байгуулсан болохыг дахин дурдъя. Тус холбоо Брюссель, Страсбург, Люксембург гэсэн гурван нийслэл хоттой бөгөөд эдгээр хотуудад хурал чуулган байнга болдог ажээ.

Люксембург улсын нутаг дэвсгэр уртаашаа 82 км, өргөөшөө 58 км бөгөөд нисэх онгоцны цонхоор бараг бүхлээрээ харагдана. Монгол нутгаараа жишиж үзвэл, Орхоны хөндийгөөс арай бага газар нутагтай юм.

Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ Олон улсын валютын сангийн судалгаагаар 83 мянган долларт хүрсэн нь дэлхийд Катарын дараа орох үзүүлэлт болой. Гэтэл баян улс хэмээн тооцогддог Норвегийн хувьд нэг хүнд ногдох хэмжээ нь 66 мянган доллар бол баруун Европын ихэнх орнуудын хувьд 50 мянгаас доош байдаг.

Энэ хорвоогийн хамгийн чинээлэг улсуудын нэг гэгддэг Люксембургт амьдрахыг үнэхээр хүсч байгаа хүн 70 мянган төгрөгөөр үсээ засуулж, 60 мянган төгрөгөөр оройн хоол идэж, 5 км газарт 20 еврогоор таксидан, бааранд ороод 10 мянган төгрөгөөр нэг шил пиво уучих хэмжээний мөнгө олдог байх хэрэгтэй..

Люксембургчууд цалин орлогынхоо талаар гадны хүнд нууж хаалгүйгээр ярих нь бусад орны иргэдээс онцлог. Бидэнд таксигаар үйлчилсэн португал гаралтай жолооч сард 3000 еврогийн орлого олдог, мөн 1100 еврогоор 60 хав.дөр.м  талбайтай байр хөлслөн амьдардаг тухайгаа илэн далангүй ярьсан юм. Ер нь байр орон сууцны үнэ нэлээд өндөр, хагас сая еврогоос дээш байдаг бололтой.  Португал эрийн  ярьснаас улбаалаад тоо бодож үзэхэд люксембургчуудын дундаж цалин нь 4000-5000 евро хавьцаа юм болов уу хэмээн таамаглалаа.

Люксембургийн хүн ам нь 563 мянга, нийслэл болох Люксембург хотод 111 мянган хүн оршин суудаг бөгөөд тэдний нэлээд нь хөрш зэргэлдээ орнуудаас ирж ажил хийгээд орой нь нутаг буцдаг хүмүүс юм. Люксембургт мянга орчим тооны хөрөнгө оруулалтын сан, 200 гаруй банк салбараа нээсэн байна. ДНБ-ийхээ 30 гаруй хувийг санхүүгийн үйлчилгээнээс олдог гэнэ. Түүнчлэн энд төмрийн хүдэр олборлож, гангийн үйлдвэрүүд ажиллана.

Люксембургчууд нь полиглотууд буюу олон хэлээр ярьдаг хүмүүс ажээ. Франц, герман, англи бол амьдралын хэрэгцээ шаардлагаар заавал сурах ёстой хэл бөгөөд дээр нь энэ гурван хэлийг эрлийзжүүлэн бий болгосон “люксембургиш”гэдэг хэлээр ярилцдаг гэнэ. Мөн Итали, Испани, Португал зэрэг олон орноос ирсэн хүмүүс өөрсдийнхөө хэлээр ярилцана. Ингэхээр тус улсын иргэн 4-5 хэлээр ярьдаг болж таарч байгаа юм.

Люксембургчууд их хотын нүргээнээс хол амьдардаг учраас хөдөөрхүү маягийн зантай, найрсаг, тусархуу хүмүүс юм. Чинээлэг бөгөөд тайван амьдралыг хүсдэг Европын бэл бэнчинтэй хүмүүс зөвхөн Люксембургийг л зорьдог аж.

Гудамжаар нь алхаж явах үед тун уйтгартай газар юм уу даа гэсэн бодол эрхгүй төрлөө. Баар сав их цөөхөн, дэлгүүр хоршоо нь 18 цаг гээд бүгд хаалгаа барина. Манай Улаанбаатарынх шиг шөнийн амьдрал гэж огт үгүй. Хэдий уйтгартай ч гэсэн өндөр цалинд нь уягдаад энэ улсыг орхиод явах “зоригтой хүн” тун цөөн. Гадаадыг зорьж буй хүмүүсийн ихэнх нь ирээдүйд аятайхан ажилд орж, албан тушаалын шатаар ахих хүсэлдээ хөтлөгдсөн оюутан залуус.  

  Б.Адъяахүү

Холбоотой мэдээ