Л.Пүрэвсүрэн: Хэлэлцээний ач холбогдол улам бүр өсч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
aminaa@montsame.mn
2015-11-09 10:37:49

БИШКЕК. /AKIpress/. Ази, Европын уулзалтын /ASEM/ гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын 12 дахь уулзалт 11 дүгээр сарын 5-6 хооронд Люксембург улсад боллоо.  Уг уулзалтын “Тогтвортой, аюулгүй ирээдүйн төлөө хамтын ажиллагаа” сэдэвтэй хоёр дахь хэсгийн үеэр Монголын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн үг хэлжээ. Тэрбээр “Ази-Европын харилцаа, ASEM”-ын  ирээдүй” сэдвээр үг хэлсэн байна.

“Дэлхий улам бүр даяарчлагдах тусам уулзалт, хэлэлцээний ач холбогдол улам бүр өсч байна. Энэ бол 20 жилийн өмнө анх байгуулагдсан цагаасаа ASEM мөрдөж ирсэн сайхан зарчим юм. Энэ нь Монгол Улс ASEM-д элсэж, монгол хүмүүс дэлхийн талбарт хувь нэмрээ оруулах болсон шалтгаануудын нэг билээ” гэж Гадаад хэргийн сайд хэлжээ.  

“Сүүлийн үед Ази-Европын харилцаа холбоо ASEM-ын гол уриа болсон төдийгүй, Монгол Улс энэ ойлголтыг өргөн, гүн агуулгаар өндөр үнэлдэг юм. Ази, Европын хооронд "зөөлөн" ба "хатуу" харилцааг өргөжүүлж, улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад чухал ач холбогдол өгч, энэ талаар өөрсдийн хувь нэмрийг оруулахаар хүчин зүтгэж байна” гэж сайд нэмж хэлсэн байна.  

Мөн хувийн хэвшлийнхэн, эрдэмтэн судлаачид, оюутнууд, залуу хүмүүс, төрийн бус байгууллагууд болон  бусад сонирхогч талыг Ази-Европын хэлцээнд өргөн оролцохыг Монгол Улс уриалав.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ