Холбогдох шийдвэрийг дагаж мөрдөөгүйгээс шүлхий өвчин гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-09-15 20:02:56

Дорнод /МОНЦАМЭ/   Дорнод аймгийн Хөлөнбуйр, Булган суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсан гэсэн мэдээллийн дагуу аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдлаа. Энэ талаар аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбатаас тодруулсан юм.



-  Аймгийн хэмжээнд малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг хоёр үе шаттайгаар тарьж дууссан. Гэтэл яагаад шүлхий өвчний шинж тэмдэг илрэв?

-  Энэ жил төвийн бүс нутгаар зуншлага муу байснаас энэ бүс нутгийн аймгуудаас манайх руу чиглэсэн малын шилжилт хөдөлгөөн их байна. Улсын Онцгой комиссын 02-р албан даалгавар, Аймгийн Засаг даргын 399-р захирамжаар малын шилжилт хөдөлгөөнийг зогсоох шийдвэр гарсныг сумдын Засаг дарга нар хэрэгжүүлээгүйгээс Хөлөнбуйр, Булган суманд шүлхий өвчин гарсан. Ганц манай аймагт ч биш, хөрш зэргэлдээ Хэнтий, Сүхбаатар аймагт энэ өвчин гарч, 9 сарын 7-ны өдөр Хөлөнбуйр суманд, 9 сарын 9-ны өдөр Булган суманд гарсан гэж мэдээлж байна.

-  Шүлхий өвчин мөн эсэх нь шинжилгээгээр яг тогтоогдсон уу?

-  Сумдын Засаг дарга нар өвчний голомтод хязгаарлалт тогтоож, өвчний шинж тэмдэг илэрсэн малыг тусгаарлаж, шинж тэмдэг илэрсэн малаас дээж авсан. Шинжилгээний хариу өчигдөр ирснээр Аймгийн Онцгой комисс хуралдаж,  ажлын хэсгүүдийг томилж, зохих чиглэлүүдийг өглөө. Төв аймгийн Жаргалант сумаас Хөлөнбуйр сумаар дамжин Булган суманд оторлон ирсэн 3000 гаруй малаас гоц халдварт шүлхий өвчин илэрсэн. Эдгээр  малыг  Хэнтий, Сүхбаатар зэрэг шүлхий өвчин гарсан аймгийн нутгаар тууж,  манай аймагт ирсэн байгаа юм.

-  Нутгийн иргэдийн мал сүрэгт халдварласан уу?

-  Хөлөнбуйр сумын төвөөс зүүн тийшээ 12 километрт, төв зам дагуу өвчний голомт байгаа. Нутгийн иргэдийн мал сүрэгт халдварласан байж болзошгүй. Хөлөнбуйр сумын 4 өрхийн 15 үхэрт шинж тэмдэг илэрсэн гэсэн мэдээлэл ирлээ. Энд ажлын хэсэг очсон, мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт хараахан гараагүй байна.  Онцгой комиссын хуралдаанаар өвчний шинж тэмдэг илэрсэн малыг устгах, хот хороо бууцыг нь ариутгах чиглэл өгч ажиллаж байна.

-  Манай аймагт гаднаас зөвшөөрөлгүй оторлон ирсэн өөр ямар тохиолдол байна?

-  Баяндун суманд Сэлэнгэ аймгийн 100 гаруй бод оторлож ирснийг тусгаарлаж, хөдөлгөөнийг нь зогсоогоод байна. Аймгийн Засаг даргын захирамжийг хариуцлагатайгаар дагаж, отор тууврын мал үзэгдвэл харьяа нутагтаа мэдэгдэхийг иргэд болон сумдын удирдлагуудад уриалж байна. Аймгийн онцгой комиссоос бүх сумын Засаг даргад  өөрийн нутагт оторлон ирсэн малыг хянаж, хөдөлгөөнийг нь зогсоох үүргийг өгсөн.

-  Одоогоор аймгийн хэмжээнд малын шилжилт хөдөлгөөнийг бүрэн зогсоож чадсан уу?

-  Бүрэн зогсоосон гэж үзэж байгаа ч төвийн бүсийн зуншлага тааруу аймгуудаас малчид олноороо манайхыг зорин нүүдэллэн ирж байна гэсэн мэдээлэл байна. Манай аймгийн тухайд зуны эхний сард хур бороо багатай байсан ч, малын бэлчээр харьцангуй сайтай, хадлан тэжээл бэлтгэх боломжтой байгаа юм. Бид Хөлөнбуйр суманд цагдаагийн нэмэлт хүч ажиллуулж, хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулахаар төлөвлөж байна. Хэнтий, Сүхбаатар аймагтай хил залгаа оршдог сумдад хянан шалгах цэгүүдийг гарган, эргүүл ажиллуулна. 
 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ