Байгальд ээлтэй төслийг санхүүжүүлэх зарчим руу банкууд шилжих цаг болсныг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-09-14 11:21:11
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Жил бүр зохион байгуулагддаг Монгол Улсын Тогтвортой санхүүжилт форум энэ удаа “Тогтвортой санхүүжилтийг түгээн дэлгэрүүлэх олон талт хамтын ажиллагаа” сэдвийг хөндөж байна.

Монголын банкны холбоо, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран “Монгол Улсын Тогтвортой санхүүжилт /ТоС/-ийн Форум 2017”  арга хэмжээг Шангри Ла зочид буудлын хурлын танхимд зохион байгуулж   буй нь энэ юм.

Форумд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дарга Эрик Солхайм тэргүүтэй гадаад, дотоодын 400 гаруй төлөөлөгч оролцож байна.
 
Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбат ТоС-ийн хөтөлбөрийг дэмжиж буйгаа илэрхийлэн илгээлт хүргүүлснийг форумын төлөөлөгчдөд танилцуулав.

Илгээлтэд, “Монгол Улсад шаардлагатай санхүүжилтийн эрэлтийг хангахад төр, хувийн хэвшил, банкны болон банк бус санхүүгийн байгууллагууд, олон улсын түнш байгууллагуудын тогтвортой санхүүжилтийг дэмжих бодитой санал, санаачилгаас гадна идэвхтэй оролцоо шаардлагатай байгаа. Засгийн газрын зүгээс цаашид төр, хувийн хэвшлийн хоорондын зохицуулалтыг хангаж, бүхий л салбарт тогтвортой хөгжлийг хангах, ногоон эдийн засгийг бэхжүүлэх гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, санхүүжилтийг дэмжих чиглэлээр бусад талуудтай хамтран ажиллахад бэлэн байна” хэмээн онцолсон юм.

Форумаар ногоон зээлийн сан байгуулах санаачилгын хүрээнд хийсэн бэлтгэл ажлыг танилцуулсан юм. Тодруулбал гэр хорооллын бүсийн иргэдэд агаарын бохирдлыг бууруулах халаагуур, шийдэл, эрчим хүчний хэмнэлтийн хуулийн хүрээн дэх хэрэглэгчийн зээл, ногоон барилгын зээлийн төслүүдийг танилцуулж, хамтын ажиллагааны боломжуудыг эрэлхийлэв.

Монголын банкны холбооны Ерөнхийлөгч О.Орхон:

- Монголын банкны холбооны удирдах зөвлөлөөс банкнаас бусад бизнесийн салбарууд Тогтвортой санхүүжилтийг түгээн дэлгэрүүлэхэд нэгдэж хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор Тогтвортой санхүүжилтийн  хөтөлбөрийг албан ёсоор тусад нь гаргахаар шийдвэрлэлээ. Тун удахгүй Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн холбоонд гишүүнээр элсэх урилга та бүхний гарт хүрэх болно. Олон талт хамтын ажиллагааны хүрээнд ТоС зөвхөн банкны салбарт төдийгүй Банк бус санхүүгийн байгууллага, даатгал зэрэг байгууллагад барилга, уул уурхай, хүнс хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэр гээд  олон салбарт шинэ боломжийг бий болгоно.

Дэлхийн Усны Түншлэлийн  Удирдах зөвлөлийн дарга С.Оюун:

- Тогтвортой санхүүжилтийг түгээн дэлгэрүүлэхэд санхүүгийн байгууллагууд идэвхтэй оролцох ёстой. Мөн тэд ногоон хөгжилд ямар хувь нэмэр оруулах вэ гэдэгт анхаарах нь чухал. Банкууд санхүүжилт болон зээл өгөхдөө байгальд ээлтэй төслүүдийг дэмжих хэрэгтэй. Жишээлбэл нүүрсээр халдаг сууцанд бус байгальд ээлтэй технологи ашигласан халаалттай байр барих гэж байгаа иргэнд зээл өгөх жишгээр зээлийнхээ хэлбэрийг өөрчлөх ёстой. Нөгөөтэйгүүр ногоон зээлийн санг хөхиүлэн дэмжмээр байна гэдэгт төлөөлөгчид  санал нэгдсэн. Өөрөөр хэлбэл ногоон төслүүдэд зээл олгоно гэсэн үг. Гэхдээ хуучны мод тарих төсөл биш байгальд ээл бүхий цэвэр технологитой төслийг санхүүжүүлэх зарчим руу банкууд шилжих цаг болсон. Хас банк байгальд ээлтэй төслийг санхүүжүүлээд эхэлсэн нь сайшаалтай. Түүнчлэн байгальд ээлтэй уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслүүдийг дэмжсэнээр эргээд үр ашигтай гэдгийг хүмүүс ойлгож эхэлж байна. Улсаас ногоон хөгжлийг тэтгэсэн хувийн хэвшлүүдийг урамшуулах систем бий болгох, банкууд нь хөнгөлөлттэй зээл олгох гээд олон талаар дэмжих боломжтой.

Яг одоо форумаар  Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг бизнесийнхэн үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр ямар үр дүн гарч байгаа талаар  хэлэлцүүлэг өрнөж байна.
Б.Заяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ