Наймдугаар сарын Бээжин

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙТЛЭЛ
mn_tuul@montsame.mn
2017-08-28 09:11:17
Миний тэрлэж буй энэхүү тэмдэглэл урд хөршийн нийслэл Бээжингийн тухай өгүүлэх нь гэдгийг уншигч та гарчигнаас тааварласан лавтай. Миний бие энэ сарын 13-26-ны өдрүүдэд БНХАУ-ын Түвдийн өөртөө засах орон болон түвд үндэстэн голлон оршин суудаг бүс нутгаар нийт 10 мянга гаруй км аялаад ирлээ. Аяллын цөм хөтөлбөр “Дэлхийн гуравдагч туйл” гэгддэг Түвд орон руу чиглэж байсан ч тус бүс нутаг руу нэвтрэхэд шаардлагатай нэмэлт цохолтыг хүлээж урд хөршийн нийслэлд хоёр хоносны хувьд шинэ цагийн Бээжинг тольдох гэж хичээснээ энд сийрүүлж байна.

Манай аяллын багт сэтгүүлч, орчуулагч, зурагчин, зураглаач нийлсэн 11 хүн багтсан байв. Бид энэ сарын 13-ны оройн 18:30 минутад “Air China” авиа компанийн нислэгээр нисэх байсан ч нислэг хоёр цаг хойшилж, 21 цагийн үед “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хөдөллөө. Бээжин-Улаанбаатарын хоорондын зай 1200 км. Хоёр цаг нисээд Бээжингийн нисэх онгоцны буудалд газардав.

“Зуны эхэнд сард гайгүй байсан одоо Бээжинд халуун өдрүүд үргэлжилж байна” гэсээр хөтөч маань угтсан. Онгоцны буудлаас гарахад халуун агаар бүчин авав. Төд удалгүй нурууны хөлс дааварлам янзтай. Энэхэн зуур “Бээжинд хамгийн их борлуулалттай бараа агааржуулагч байх даа” гэх бодол зурсхийн орж ирэв. Бидэнд үйлчлэх автобус ч ирлээ. Автобусандаа сууцгаагаад зочид буудал руу хөдлөв. Бээжингийн шөнө тогтуун, зам сийрэг, явж сууж байгаа хүн ч гэж алга. Хэр ч юмдаа шөнийн 1-2 цаг болж байгаа хойно.

Энэ нь Бээжингийнхэн эрт унтдаг. Мөн сүүлийн үед шөнийн захуудыг хааж, хотын төвөөс шахаж гадагш гаргаж байгаатай холбоотой гэнэ. Төвлөрлийг сааруулахаас гадна агаарын бохирдлыг бууруулах бодлого, үйл ажиллагаатай ч холбогдож очих байж мэдэх юм. Бээжин агаарын бохирдлын түвшинээрээ дэлхийд “алдартай” хотуудын нэг шүү дээ.



Өглөө боллоо. Буудлаас гарч орчноо ажих нь ээ, Бээжингийнхэн хэдийнэ зам дээрээ гарчээ. Дуу чимээ ч ихэсчээ. Анзаарах нь ээ, машиных нь дуунаас хүнийх нь дуу чанга юм. Машинтай нь машинтайгаа, дугуйтай нь дугуйтайгаа, явган нь явганаараа хаашаа ч юм зөрж өнгөрөх. Их хот гэхэд хүмүүсийнх нь явдал суудал аядуу, яарч давчдах нь бага юм. Бээжин хот эдүгээ 20 сая хүнтэй. Гэвч иргэд нь уур бухимдалгүй, амар тайван хот гэж юм мэдэх хүмүүс ярих юм билээ.

Хотын ихэнх барилга байгууламжийн гаднах өнгөнд зэгэл саарал өнгө голложээ. Хаа нэг цагаан, цайвар ягаан өнгөтэй барилга харагдах ч цементийнх рүү зэгэл саарал өнгө давамгайлах аж. Уйтай гэмээр энэхүү төрхийг зөөллөж, гэгээ татуулж байгаа нь мод бут юм. Товчдоо бол, ногоон байгууламжийн хувьд үлгэр жишээ. Тав зургаан давхарын цонхыг хаахуйц өндөртэй модод захаас аваад тааралдах. Зүлэг бутыг хэлбэржүүлж хайчлахдаа гаргуун ч гэж юу гэхэв.

Бээжинд ажил 8:30 минутад цуглаж, оройн 17:30 минутад тардаг гэнэ. Хөтөч бүсгүй маань “Эрт зам дээр гарахгүй бол түгжирнэ шүү” хэмээн анхааруулж байсан ч Улаанбаатартай харьцуулахад түгжрэл харьцангуй гайгүй, зарим газарт байхгүйтэй адил санагдсан. Бид зүгээр суухаар гээд Хориотой хотыг үзчих санаатай үдийн 12 цагийн орчимд очлоо. Хориотой хот нь 500 жилийн турш эзэн хаад болон тэдний гэр бүлийнхний хувьд гэр нь болохоос гадна төрийн хэрэг явуулах төв нь байжээ. 1406-1420 оны хооронд баригдсан энэхүү цогцолбор нь 980 барилгаас бүрдэх бөгөөд 720000 м2 талбайг хамарсан.

Хориотой хот нь Хятадын уламжлалт архитектурын хамгийн том жишээ бөгөөд 1984 онд уг хотыг Дэлхийн өвийн санд Дэлхий дээр хадгалагдан үлдсэн хамгийн том модон барилга хэмээн бүртгэж авсан байна. 1925 оноос хойш Хориотой хот музейн үүрэг гүйцэтгэж байгаа юм. Хана хэрмийг тойрч ордог хаалган дээр очтол дотогш орох өдрийн лимит дууссан байв. Хотыг үзэхийн тулд эртлэн очихгүй бол өдөрт 80 мянган хүнийг дотогш нэвтрүүлдэг гэнэ. Өдрийн нарны төөнөхийг хэлэх үү, олон хүн дотор төөрч будилчихгүйг хичээх үү. Бас ч үгүй ганц нэг зураг дараад байгаа.

Энэ хотыг манай монголчууд “Сүүлчийн эзэн хаан” киногоор андахгүй. Хятадуудын өөрсдийнх нь ярихаар бол уг хотод 9999 барилга байгууламж байгаагийн талаас илүүгийнх нь үүд хаалгыг нээгээгүй хэмээн ярьдаг юм байна лээ. Хориотой хотыг тойрон ашиг шимийг нь хүртэгсэд олон юм. Ус ундаа, чихэр жимс, мөсөн мөлжүүр, жигнэмэг, туг дарцаг, хүүхдийн тоглоом зараад байхад ямартай ч амьжиргаагаа залгуулаад байдаг бололтой. Бээжингээр аялахад хамгийн тохиромжтой сар бол 9-10 сар гэнэ. Гэвч их нийслэл аялагчдын хөлд дараатай байна. Ихэнх нь дотоодын аялагчид байх ба тэдний тасралтгүй урсгалыг харахаар өөрийн 56 үндэстэн ястан, тэдгээрийн аялал жуулчлалын бүсүүдээр аялаад байхад хятад хүн ганц олдох насандаа хил давж хол зорчилгүй нүд хужирлах газартай улс юм шиг ээ.

Хятадууд их багагүй аялна гэдгийг үзүүлж байна аа. Саяхан л барууны хэвлэл мэдээллээр тэднийг хамгийн зохисгүй аялагчид хэмээн шаагиж байсан. Гэвч байдал дээрдэж байгаа бололтой. Телезизийн сувгуудаар хилийн чанадад хэрхэн аялах талаарх зөвлөмж анхааруулгыг ч цацдаг гэх. Үүний зэрэгцээ иргэдээ аялж жуулчлах боломжоор хангах зорилгоор үндэсний хэмжээний томоохон баяр ёслолоор 7 хоногийн хугацаатай чөлөө зөвшөөрөл өгдөг байна.

Өнгөрсөн жил миний бие Турк улсаар аялсан. Чингэхэд тус улс гадны жуулчдыг олноор нь хүлээн авдаг болох нь харагдаж байсан. Харин тэр жилээ жуулчид хамгийн олноор зорчдог Истанбул, Анкара зэрэг хотод хэд хэдэн удаагийн дараалсан дэлбэрэлт болсноор гадныхны урсгал татарсан. Гэтэл урд хөршийн аялагчдын бүтцийн нэлээдгүй хувийг өөрийн орны иргэд эзэлж байгаа нь тус улсын аялал жуулчлалын салбар ойрын хэдэн жилдээ эрчимээ алдахгүй байх давуу тал болох нь. Түүнчлэн шинэ үеийн төр засаг аялал жуулчлалын салбараас мөнгө босгохыг зорихын зэрэгцээ байгальд ээлтэй байх гэсэн зарчмыг барьж байна.  

Хятадын эдийн засаг 2017 онд дунджаар 6.6-6.9 хувийн өсөлт үзүүлнэ хэмээн гадаад дотоодын шинжээчид бичиж байгаа. Энэхүү өсөлтөд аялал жуулчлалын салбарын үзүүлэх нөлөө багагүй жин дарах болов уу. Нөгөө талдаа иргэд нь бэл бэнчинтэй, хаа дуртай газраа аялж зугаалж байна гэдэг төрийн бодлого захын айл өрх, энгийн иргэддээ хүрч очсоныг илтгэж байх шиг.  



Аливаа цаг үе өөрийнхөө түүхийг бичиж байдаг. Өнөөгийн Бээжинд шинэ үеийн 4 нээлт гэх ойлголт ихэд дэлгэрсэн байна. Хүн төрөлхтөний хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан эртний 4 нээлтээр хятадууд ном хэвлэл, цаасан мөнгө, соронзон, дарь дөрвийг нэрлэсэн байдаг бол орчин үеийн ололтод дараах дөрвөн ойлголтыг багтаажээ.

Хятад хүнийг дугуйгүйгээр төсөөлшгүй. Нээрээ ч Бээжинд дугуй одоо ч унаа цуцааны гол хэлбэр хэвээр байна.  Гэхдээ ашиглалтын хувьд өмнөх шигээ биш. Урьд нь нэг айл юм уу, хувь хүн дугуй худалдаж авч унадаг байсан бол эдүгээ түрээсийн дугуйг ажил төрөлдөө ашиглах болжээ. Өөрөөр хэлбэл, дугуй худалдаж авахгүй. Гудамжинд байх цэгээс тодорхой хөлс төлж хаа хүрэх газраа түрээсийн дугуй унадаг гэсэн үг. 

Хоёрдугаарт банкны цахим систем. Өнөөдөр Бээжинд гэлтгүй хятадын томоохон хот суурингийнхан банкин дахь өөрийн дансаа гар утсанд дээрээ төвлөрүүлж, өдөр тутмын худалдаа арилжааны төлбөр тооцоогоо гар утаснаасаа хийх болжээ. Үүнийгээ дагаад гар утсаа хямгадаж байх нэг зовлон тэдэнд бий болсон гэнэ. Бусдын гар утас дээрх дансыг ашиглаж төлбөр тооцоо хийх гэсэн, хийсэн гэмт хэрэгт өөрийн орны болоод гадны иргэд хүртэл холбогдож болжээ.



Гуравдугаарт шинэ үеийн хятадууд интернэт худалдааг нэрлэж байна. Онлайн худалдааны төрөл энэ улсад хүчтэй дэлгэрч, гэрээсээ цухуйлгүй бараа таваар худалдан авах нь ердийн үзэгдэл болов. Түм түчигнэж бум бужигнасан энэ улсад банк, дэлгүүр хоёр хэн нэгний гар утсан дээр цугтаа багтжээ.

Сүүлийн нэрлэх нээлт бол хурдны галт тэрэг. Хятад улс өнөөдөр дэлхийд хурдны галт тэргийн замын урт болоод хурдлах чадварын хувьд толгой цохиж явна.  Аялалын хугацаанд бидэнд галт тэргэнд суух шаардлага гарсангүй. Үүний оронд бид хурдны замаар жирийлгэж, дотоодын 6 нислэгт суув. Хүний газар очсон улс байна, явсан газрын сонин сайхан идээ ундаа, ганц нэг гар цайлгах бэлэг сэлтхэн авсаар манайхны чемодан сав сүүлдээ нэлээн түнтийв ээ. Зарим нэг нь миний чемоданд ачаагаа хагаслаж хийснээс нислэг бүрт ачаа 20 кг-аас нэлээн дээш татаж байсан ч аль ч нисэх буудал дээр ямар нэг асуудал үүсгэсэнгүй. Гадны сэтгүүлчид гээд ээлтэй хандсан уу, үнэхээр нөгөө аялал жуулчлалыг хөгжүүлэх аядуу бодлогын хайр ивээлд багтчихсан уу юутай ч хэн ч биднээс илүү тээшний мөнгө нэхэж сүйдсэнгүй. Дотор аялж буй бүх иргэнд ингэж ханддаг бол таатай л хэрэг.



Хятадаар аялж байгаа тохиолдолд дэлхийтэй холбогдоно гэдэг тун төвөгтэй. Дотоодын иргэддээ бол асуудалгүй. Манайхны холбоо сүлжээндээ ашигладаг жиргээ, пайсбүүк болон хайлтын системийн оронд хятадууд вичат, вейбо зэрэг дотоодын цахим сүлжээг ашиглана. Үүнийгээ ч амьдралдаа сүрхий хэрэглэж хэвшсэн юм билээ. Хятадууд аль ч салбарт дотоодын үйлдвэрлэлд ихээхэн анхаарч байна.  Ганц нэг жилийн өмнө Бээжинд “Iphone” маркийн гар утас хүчээ авч байсан бол одоо дотоодын “Huawei” брэндийн утасыг барьцгаах болжээ. Энэхүү брэнд нь өртөг хямд, эдэлгээ сайтай тул “Iphone” маркийн утас зах зээлээс нь шахагдаж эхэлсэн байна.

Хятад бол үйлдвэрлэгч гүрэн. Тиймээс ам.долларын савалгаа гэх ойлголт эднийд байдаггүй аж. Сүүлийн хэдэн жил ам.доллартай харьцах юанийн харьцаа тогтвортой байгаа гэнэ. Энд сонирхуулахад, нэг иргэн жилд 50 мянган ам.доллар гаднаас оруулж ирэх квоттой бол хоногтоо солих ам.долларын дээд хэмжээ 500 ам.доллар аж. Энэ мэтээр хөршийнд маань дагаж мөрдөх нарийн хууль тогтоомж цөөнгүй. Гэхдээ хуулиа л дагаж байвал хэнбайгуй нь ч ямар ч бизнес эрхлэх нь бүрэн нээлттэй. Зөвхөн л хуулийг чанд мөрдөх нь иргэн бүрийн үүрэг. Ингэсэн тохиолдолд манайхны сүрхий чангатгадаг архи, тамхи гээд юуны ч бизнес эрхэлж болно.



Хятадууд саяханы хүртэл нэг хүүхдийн бодлого хэрэгжүүлж ирсэн улс. Хүн амын өсөлтийг барих гэсэн энэхүү бодлогынхоо сөрөг нөлөөг амьдрал дээр хангалттай мэдэрч, 2016 оны эхнээс уг шийдвэрээ цуцлаад буй. Иймээс сониуч зандаа хөтлөгдөөд энд тэнд явах зуур байдлыг ажлаа. Хотын төв орчмоор бага насны хүүхэд олонтой үзэгдэхгүй юм. Харин үзвэр үйлчилгээний газар, нисэх буудал гэх мэт газарт нэгийг хөтөлж, нөгөөг нь тэвэрсэн залуухан эмэгтэйчүүдтэй олонтаа таарч явлаа. Эсвэл бага насны хүүхдээ хөтөлсөн ганц нэг жирэмсэн эмэгтэй ч харагдах л юм. Нэг хүүхэд аав ээж, хоёр талын эмээ өвөө гээд насанд хүрсэн зургаан том хүний дэргэд өсдөг эрхийн балайгийн үе үүгээр шувтарч, хятад хүүхэд дүүгээ асрах, ах эгчийгээ хүндлэх, эмээ өвөөгөө өргөх, мөнгө санхүүгээ хувааж хэрэглэх гэх мэт уламжлалт гэр бүлийн ойлголт эргэн ирж байх шиг байна.  

За тэгээд үзсэн дуулсан болгоноо бичнэ гэвэл нэлээн нурших нь. Иймээс Бээжингийн тэмдэглэлээ үүгээр өндөрлөж, үндсэн тэмдэглэлээ эхлүүлэх нь зөв байх. Түвд орны талаарх цувралыг маань “Түвдийн өндөрлөг дэх түмэн өнгө” гарчигт бичвэрээс уншаарай.
                                                                                                                                                                Б.Туул
Холбоотой мэдээ