Испанид террорист халдлага болсны улмаас 13 хүн амь үрэгджээ

ДЭЛХИЙД | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-08-18 08:17:19
БАРСЕЛОНА. /ВВС/. Өчигдөр буюу пүрэв гарагт Испанийн зүүн хойд нутгийн Барселона хотын жуулчдын хөл хөдөлгөөн ихтэй байдаг газарт автомашин ашиглан террорист халдлага үйлдсэний улмаас 13 хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархаджээ.
 
Уг халдлагатай холбогдуулан хоёр эрэгтэйг цагдаа нар баривчлан саатуулаад байна. Харин машиныг жолоодож явсан этгээд хэргиийн газраас оргон зугтсан бололтой.

Энэ хэрэг орон нутгийн цагаар пүрэв гарагийн 17:00 цагийн үед Барселона хотын Лас-Рамблас  гудамжинд болсон байна. Тус гудамжинд байдаг Каталонии талбайд жуулчид олноороо очдог аж.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, автомашинтай этгээд явган зорчигчдыг дайран 500 гаруй метр явжээ.

Энэ хэрэг болохын өмнөхөн тус хотоос баруун урд зүгт 200 км зайтай орших газарт нэгэн барилгад дэлбэрэлт болсны улмаас нэг хүн амь үрэгджээ. Баривчлагдсан дээрх хоёр этгээд энэ дэлбэрэлттэй мөн холбоотой гэж цагдаа нар сэжиглэж байна.
 
Лалын босогчдын “Лалын улс” бүлэглэл мэдэгдэл хийхдээ “Манай дайчид эдгээр халдлагыг үйлдсэн. АНУ тэргүүтэй эвслийн гишүүн улсуудыг онилон халдлага үйлдэх уриалгыг манай хүмүүс биелүүлж байгаагийн нэг жишээ нь энэ” гэжээ.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ