Нүүдэлчдийн ахуй соёлоо сурталчлан таниулсан наадам боллоо

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-08-03 14:19:10
Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Улаагчны Хар нуурын эрэгт 7-р сарын 23-25-ний өдрүүдэд болсон Нүүдэлчдийн соёлын наадам монголчуудын үндэсний бахархал, дээл хувцас, нүүдэлчдийн ахуй соёлыг цогцоор үзүүлсэн наадам боллоо.

Нүүдэлчдийн соёлын наадмын гол утга учир нь нуурын эрэг дагуу уулын ам бүрт таван хошуу малын отогийг иж бүрнээр нь байгуулж зочид наадамчдын үзэх харах, уламжлалт зан заншлыг түгээн дэлгэрүүлэх олон сонирхолтой үйл ажиллагааг зохион байгуулсанд байлаа.
Отог хооронд зөвхөн морь, тэмээ, үхэр тэрэг, ёрдийн хөсгөөр зорчиж байв. Тухайлбал ҮХРИЙН ОТОГ дээр сарлаг булгиулах, бугуйлдах, дүүгүүр шидэх тэмцээн, үхэр тэргээр нүүдэл хийх, тэрэг хөллөх, нуруу ачаа ачих, гэрийн дээс хошлон томох, сур элдэх тэмцээн зохион байгуулж, үнээ саах, цагаан идээ хэрхэн боловсруулах зэргийг харуулсан бол БОГ МАЛЫН ОТОГ дээр хонь, ямаа холбож саах, хонь хяргах, дээс томох, дөрвөн бэрх зэрэг тэмцээн уралдаан зохион байгуулж, эсгий хийх уламжлалт арга технологийг зааж эсгийний найр хийх үзүүлбэрийг үзүүлжээ.  Харин АДУУНЫ ОТОГ дээр морь уургалах, бугуйлдах, эмнэг сургах, эмээллэх, айргаар дэмбээдэх, хуруудах тэмцээн зохион байгуулж, гүү саах, айраг эсгэх ёслол, унага тамгалах, унага уралдуулах, адууны циркийн тоглолт, хурдан морины уяа сойлго тааруулах, адууны гаралтай цагаан идээ, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, сайхан морьтой сайхан хос шалгарууллаа.  ТЭМЭЭНИЙ ОТОГ дээр тэмээгээр нүүдэл хийж ачаа тосох, ингэ хөөслөх, ингэ саах, эмнэг тэмээ сургах, ботготой ингэ зэллэх, тэмээн тэрэгтэй аялал зэргийг зохион байгуулж нүүдэлчдийн ахуй соёлтой газар дээр нь танилцах боломжийг олголоо.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд