Монгол эмэгтэйчүүд Бусаны дэлгүүрүүдээс 14.4 сая воны бараа хулгайлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
dorjkhand@montsame.mn
2017-08-01 12:14:50
БУСАН. /KoreaTimes/. Өмнөд Солонгосын Бусан хотын томоохон дэлгүүрүүдээс хувцас хулгайлсан хэргээр хоёр монгол эмэгтэй баривчлагджээ.

Тэд хамгаалалтын дохиоллыг “тойрч гарах” тусгай зориулалттай цүнх ашиглан хулгай хийж байсныг илрүүлсэн гэж Бусан хотын Цагдаагийн газраас даваа гарагт гаргасан мэдэгдэлд дурдсан байна.

Нутгийн найзууд болох энэ хоёр эмэгтэй нь 2017 оны гуравдугаар сараас хойш бэлэн хувцасны 10 дэлгүүрээс 14.4 сая воны  үнэ бүхий 287 хувцас болон 12 үнэртэй ус хулгайлжээ.

Дэлгүүрийн гарах хаалга орчимд байрлуулсан дохиоллын төхөөрөмжид өртдөггүй цүнхийг тэд хулгай хийхдээ ашиглаж байсан гэж цагдаа нар хэлэв.

 Энэ цүнхнийхээ тусламжтайгаар тэд дан ганц долдугаар сарын 21-ний өдөр л гэхэд долоон дэлгүүрээс 8.8 сая воны үнэ бүхий 221 бараа бүтээгдэхүүн хулгайлсан байна.

Хулгайлсан бараагаа Монгол руу явуулж, үндсэн үнийх нь тал хувиар зарж борлуулдаг гэж  тэд цагдаад мэдүүлэг өгөхдөө ярьжээ.

Сэжиг бүхий цүнхтэй үйлчлүүлэгчдийг шалгаж байхыг Бусан хотын Цагдаагийн газар томоохон дэлгүүрүүдэд уриаллаа.

http://m.koreatimes.co.kr/phone/news/view.jsp?req_newsidx=233903
Г.Доржханд






Холбоотой мэдээ