Афганистанд 6 сарын дотор 1662 хүн амь үрэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КАБУЛ./ANADOLU/. 2017 оны эхний хагас жилд Афганистанд 1662 энгийн номхон иргэн амиа алдаж, 3581 хүн шархадсан тухай Афганистанд дэмжлэг үзүүлэх НҮБ-ын байгууллагын илтгэлд дурджээ. 2016 оны мөн үетэй харьцуулахад энгийн номхон оршин суугчид амиа алдсан тохиолдлын тоо 2 хувиар өсчээ.
Амь үрэгдсэн хүмүүсийн 67 хувь нь засгийн газрыг эсэргүүцэгч бүлэглэлүүдийн хүчирхийллийн золиос болсон бол 43 хувь нь “Талибан” хөдөлгөөний зэвсэгт этгээдүүдийн гарт амиа алдсан байна.
Дээр дурдсан хугацаанд террорист халдлагын улмаас 596 хүн амь үрэгджээ. Тэдний 19 хувь нь Кабул хотод амиа алдсан бол энэ тоогоор Нангархар болон Гильменд муж удаалжээ. Тухайлбал, Рамадан сар эхлэх үеэр Кабулд болсон террорист халдлагын улмаас 150 хүн амиа алдсан байна. НҮБ-ын зүгээс энэ террорист халдлагыг "сүүлийн 15 жилийн хугацаанд гарсан хамгийн цуст халдлага" гэж тодорхойлжээ.
О.Барс