Ойн хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг уриаллаа

Орон нутагт | Дархан-Уул
norovsambuu@montsame.mn
2017-07-15 22:28:33
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Тус аймгийн Онцгой байдлын газраас аймгийнхаа нийт сумдад болон иргэдэд хандаж ой хээрийн түймрээс сэргийлэх сэрэмжлүүлэг гаргаж нийтэд зарлав. Аймгийн нийт нутаг дэвсгэрт одоогийн байдлаар ой хээрийн түймэр гараагүй боловч хөрш зэргэлдээ Сэлэнгэ аймгийн нутагт их хэмжээний түймэр гарч, тус аймгийн Хүдэр, Бугант, Мандал сумын нутаг дэвсгэрт гарч байгаа ойн түймэрт Дархан-Уул аймгийн Онцгой Байдлын газрын 30-н албан хаагч энэ сарын 12-ноос эхлэж хоёр авто машинтайгаа үүрэг гүйцэтгэж байгаа аж.
Дархан хотын Ус цаг уур, Орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр ойрын өдрүүдэд хур тунадас орохгүй, хуурайшилттай түймрийн нэн аюултай зэрэглэлд байна. Тиймээс иргэд ойн сан бүхий газар аялал зугаалгаар явахгүй байх, татсан тамхиныхаа галыг бүрэн унтрааж оч баригч бүхий автомашинаар зорчих, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг аймгийн нийт сум, аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд анхааруулж байна гэж аймгийн ОБГ-аас гаргасан уг сэрэмжлүүлэгт дурджээ. Эх орны ой хээр ийнхүү түймэрт автаж байгаад сэтгэл эмзэглэсэн Дархан хотын залуус аймгийн Холбооны газрыйн өмнө цугларч нийт иргэдийг уриалж хандив цуглуулж эхэлжээ. Тэд мөн өдрийн буюу 15-ны оройн 21 цаг хүртэл хандиваа цуглуулж цугларсан хандиваа аймгийн ОБГ-т гардуулж ой хээрийн түймэр гарсан газруудад ажиллаж байгаа хэсэг рүү илгээхээр болжээ.
                                                                                                                                                           Б.Норовсамбуу
Холбоотой мэдээ