Мексикийн хөлбөмбөгчний оруулсан гоолыг шилдгээр тооцжээ

Дэлхийд | Спорт
adiyakhuu@montsame.mn
2017-07-11 12:23:53

МОСКВА./TASS/. Мексикийн шигшээ багийн хагас хамгаалагч Марко Фабианы оруулсан гоолыг ОХУ-д болсон Тив хоорондын цомын тэмцээний хамгийн шилдэг гоол гэж тооцсон тухай Олон улсын хөлбөмбөгийн холбооны /ФИФА/ хэвлэлийн алба мэдээллээ.

Шилдэг гоолыг тодруулах санал асуулгад оролцсон ФИФА-гийн албан ёсны цахим хуудасны ихэнх хэрэглэгчдийн үзсэнээр, хагас финалд учраа таарсан Мексик-Германы багуудын тоглолтын үеэр Марко Фабианы оруулсан гоол нь хамгийн үзүүштэй сайхан гоол байсан байна. Уг тоглолтод германчууд 4:1 харьцаагаар ялсан билээ. Шилдэг гоолуудын хоёрдугаарт Мексикийн шигшээгийн тоглогч Рауль Хименесийн Шинэ Зеландтай хийсэн хэсгийн тоглолтын үеэр оруулсан гоол, гуравдугаарт, мөн хэсгийн тоглолтын үеэр Португалын хөлбөмбөгчин Рикарду Куарежмагийн Мексикийн хаалганд оруулсан гоолыг тооцсон байна.

Тив хоорондын цомын тэмцээн ОХУ-ын Москва, Санкт-Петербург, Казань болон Сочи хотуудад болж, Германы шигшээ баг аваргаар тодорсон бол Чилийн хөлбөмбөгчид 2 дугаар байр, португалчууд гуравдугаар байрыг тус тус эзэлсэн билээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ