Дэлхийн хүн амын өдрийг гэр бүл төлөвлөлтийн сэдвийн хүрээнд тэмдэглэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
adiyakhuu@montsame.mn
2017-07-11 12:03:00

НҮБ./un.org/. 1989 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зөвлөлөөс гаргасан 89/46 тоот шийдвэрийн дагуу 1990 оны 7 дугаар сарын 11-нд Дэлхийн хүн амын өдрийг 90 гаруй оронд анх тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Тэр үеэс хойш энэ өдрийг дэлхий даяар өргөн тэмдэглэх болсон юм.  

Энэ 2017 оны хувьд Дэлхийн хүн амын өдрийг “Гэр бүл төлөвлөлт: хүмүүсийн чадавхийг бэхжүүлэх ба хөгжлийн зорилтыг хангах нь” гэсэн сэдвийн хүрээнд тэмдэглэж байна.

Өнөөдөр дэлхий даяар жирэмслэлтээс сэргийлэх хүсэлтэй 225 сая эмэгтэйчүүд үр тогтолтын эсрэг эмийг хэрэглэхгүй байна. Энэ нь зохих мэдээлэл, үйлчилгээний хүртээмжгүй байдал болон гэр бүлийнхний зүгээс жирэмслэлтээс сэргийлэхийг дэмжихгүй байгаатай холбоотой юм.  

Гэр бүл төлөвлөлтийн талаарх мэдээлэл, үйлчилгээг авах явдал нь хүний эдлэх ёстой эрхүүдийн нэг билээ. Гэр бүл төлөвлөлтөд оруулсан хөрөнгө оруулалт нь эдийн засгийн өсөлт, улс орны хөгжилд тус дөхөм болж байдаг.

Энэ оны хувьд Дэлхий хүн амын өдрийг гэр бүл төлөвлөлтийн асуудлаарх дээд түвшний уулзалтын явцад тэмдэглэж байна. Энэ нь  FP2020 санаачилгын хүрээнд болж буй хоёрдахь уулзалт юм. Тус санаачилгын хүрээнд гэр бүл төлөвлөлтийн талаарх мэдээлэл, үйлчилгээг 120 сая эмэгтэйд хүртээмжтэй болгох зорилт тавьсан юм.
Г.Доржханд

 

 

 

 

Холбоотой мэдээ