Ши Жиньпинийг “БНХУ-ын Ерөнхийлөгч” гэснийхээ төлөө уучлал хүсчээ

Дэлхийд | Улс төр
adiyakhuu@montsame.mn
2017-07-11 10:01:12

ВАШИНГТОН./VOA/. Хятадын удирдагч Ши Жиньпинийг “Бүгд Найрамдах Хятад улсын Ерөнхийлөгч” гэж нэрлэж, алдаа гаргасныхаа төлөө Цагаан ордон уучлал хүсчээ.

“Америкийн тал техникийн алдаа гаргасандаа уучлал хүссэн бөгөөд энэ алдаагаа зассан” гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Гэн Шуан даваа гарагт мэдэгдсэн байна.

“Бүгд Найрамдах Хятад улс” гэдэг нь Тайваний албан ёсны нэр бөгөөд Бээжингийн эрх баригчид тус арлыг өөрийн муж гэж үздэг юм.   

Өнгөрсөн долоо хоногт Германы Хамбург хотноо болсон “G20”-ийн Дээд хэмжээний уулзалтын үеэр болсон АНУ болон Хятадын удирдагчдын уулзалтын талаарх албан ёсны нийтлэлд Ши Жиньпиний нэрийн өмнө “Бүгд Найрамдах Хятад улсын Ерөнхийлөгч” гэж бичсэн байжээ.  

Дашрамд дурдахад, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп сонгуульд ялсныхаа дараахан Тайваний Ерөнхийлөгч Цай Инвэньтэй утсаар ярьснаас үүдэн АНУ-БНХАУ-ын харилцаанд үл ойлголцол үүссэн билээ. АНУ-ын хувьд “Тайвань бол Хятадын нэг хэсэг” гэдгийг хүлээн зөвшөөрдөг боловч арлын ардчилсан улсын гол холбоотнуудын нэг хэвээр байгаа юм.

Саяхан АНУ-ын засгийн газар Тайваньд 1,4 тэрбум долларын зэвсэг техник нийлүүлэх тухай хэлэлцээрийг дэмжсэн билээ.

Б.Адъяахүү 

Холбоотой мэдээ