540 харваач нум эвшээлгэж сум тавина

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunbold@montsame.gov.mn
2017-07-10 14:52:38
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн их баяр наадмын Үндэсний сурын харваа өнөөдөр эхэллээ.

Энэ жил эрэгтэй, эмэгтэй нийт 540 харваач оролцохоор бүртгүүлжээ. Үүнд: Монгол улсын дархан мэргэн 4, даяар дуурсах мэргэн 2, даян мэргэн 4, улсын мэргэн 17, хүндэт мэргэн 6, гарамгай харваач 7, гоц харваач 15 багтжээ. Мөн спортын мастер, аймгийн мэргэн 77, спортын мастер 68, спортын дэд мастер 55, I зэргийн харваач 28, II зэргийн харваач 5, III зэргийн харваач 2 байгаа бол 206 залуу цэц мэргэнээ сорьж байна.

Харваачид нийт 40 сум тавина. Эрэгтэй 75 метр, эмэгтэйчүүд 65 метрээс харвах бөгөөд хана харваанд 20, хасаа харваанд 20 сумыг тавих юм. Өнөөдөр хана харвааны эхэн өрөг болох бөгөөд маргааш хасаа харвааны эхэн өрөг явагдаж, шилдэг харваачид цааш өрсөлдөнө. Наадмын сүүлийн өдөр буюу долдугаар сарын 12-ны өдрийн 13.40-14.00 цагийн хооронд үндэсний сурын түрүү тодруулах шилдэг найман харваачийн харваа болно.

Ч.Ариунболд
 
Холбоотой мэдээ