Э.Ольмерт шоронгоос суллагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-07-03 11:05:02

ТЕЛЬ-АВИВ./BBC/. Авлигын хэргээр ял сонссон Израилийн Ерөнхий сайд асан Эхуд Ольмерт ням гарагт шоронгоос суллагдлаа.

Иерусалим хотод “Холилэнд” гэдэг тансаг зэрэглэлийн орон сууц барихад туслалцаа үзүүлснийхээ хариуд хахууль авсны учир түүнд 19 сарын хорих ял оноосон бөгөөд өнгөрсөн оны 2 дугаар сард шоронд хорьсон байна. Э.Ольмерт бол Израилийн түүхэн дэх шоронд хоригдсон анхны Ерөнхий сайд юм.

Тэрбээр Тель-Авиваас өмнө зүгт 20 км-ийн зайд орших "Маасиягу" гэдэг шоронд ял эдэлж байжээ. Өнгөрсөн долоо хоногт цээж нь хөндүүрлэн өвдсөн тул түүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Өдгөө 71 настай Ольмертийг улс орныхоо байгуулсан гавьяаг нь бодолцож үзээд, хугацаанаас нь өмнө шоронгоос суллахыг Израилийн хэд хэдэн улстөрч уриалж байсан юм.

Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан Э.Ольмерт Ерөнхий сайд А.Шарон зүрхний шигдээс туссаны дараа түүний оронд засгийн газрыг тэргүүлэх болсон байна.

Дашрамд дурдахад, бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогдон шоронд хоригдож байсан Израилийн Ерөнхийлөгч асан Моше Кацав өнгөрсөн оны 12 дугаар сард суллагдсан ажээ.

О.Барс 

Холбоотой мэдээ