Олон улсын ажиглагчид сэтгэгдлээ хэлэв

Видео
montastudio@montsame.gov.mn
2017-06-27 17:04:35
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт өрсөлдөөнтэй, эмх журамтай, зохион байгуулалт сайтай болсон хэмээн олон улсын ажиглагчид дүгнэжээ.
Энэ талаар өнөөдөр ЕАБХАБ-ын Тусгай зохицуулагч, богино хугацааны ажиглагчдын багийн удирдагч Гилиелмо Пики, Парламентын ассемблейн төлөөлөгчдийн тэргүүн Ёориос Ваременос, Ардчилсан институт, хүний эрхийн газрын Сонгууль ажиглах хязгаарлагдмал хорооны тэргүүн, Элчин сайд Гээрт Хинрич Аренс болон Европын парламентын төлөөлөгчдийн тэргүүн Лайма Андрикиене нар мэдээлэл хийв. Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг ажиглахаар ЕАБХАБ-ын гишүүн 16 орны 22 төлөөлөгч таван долоо хоногийн хугацаанд Монгол Улсад ажилласан юм. Ажиглагчдын дүгнэж байгаагаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль хуулийн дагуу, ардчилсан зарчмаар явагдсан нь сайшаалтай ч зарим хэсгийн хороодод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санал өгөх орчин, нөхцлийг бүрдүүлж чадаагүй нь шүүмжлэлтэй санагджээ. Мөн Европын парламентын төлөөлөгчдийн тэргүүн Лайма Андрикиене сонгуулийн санхүүжилт ил тод бус байсныг шүүмжилсэн бол ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн газрын Сонгууль ажиглах хязгаарлагдмал хорооны тэргүүн, Элчин сайд Гээрт Хинрич Аренс, сонгуулийн сурталчилгааны үеэр нэр дэвшигчид нэг нэгнээ авлига авсан, гэмт үйлдэл хийсэн мэтээр гүтгэх тохиолдол байсныг онцоллоо. Энэ нь иргэдийг сонголтоо хийхэд эргэлзээ төрүүлсэн хэмээн тэд үзжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд