Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

МОНГОЛ БРЭНД
montastudio@montsame.gov.mn
2017-05-31 16:24:46

Дэлхий нийт натурал хэрэглээг сонгох болсон энэ цаг үед Монгол улс бэлчээрийн хонины зуун хувийн цэвэр ноосоор хийсэн орчин үеийн загвар дизайн бүхий, будагч бодисгүй өвөрмөц хивсийг олон улсын зах зээлд нийлүүлж эхэлсэн нь ихээхэн шуугиан тарьж байна. Дэлхийн ноосон эдлэлийн хамгийн нэр хүндтэй “Woolmark” болон “Woolmark Blend” чанарын тэмдгийг эзэмшигч “Эрдэнэт хивс” компани олон улсын “Домотекс” үзэсгэлэнгээс дэлхийд хэдийнэ танигдсан билээ. Өнгөрсөн жил Япон улсын зах зээл дэх хивсний борлуулалт түүхэндээ анх удаа 20 хувиар буурахад Япон даяар 96 салбартай Кингдом сүлжээ их дэлгүүрт “Эрдэнэт хивс”-ний борлуулалт 25 хувиар өссөн юм.

Байгуулагдсанаасаа хойшхи 36 жилийн туршид бизнесийн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа, машинт аргаар ноосон хивс, хивсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Монгол Улсын “Эрдэнэт хивс” компани нь манай орны шавхагдашгүй баялаг болсон, хивс үйлдвэрлэлтэнд маш тохиромжтой монгол хонины ноосыг боловсруулан, жилд 300 орчим шинэ ба шинэчилсэн зураг загвараар, 80-100 хувийн хонины ноосон агууламжтай “Одод”, “Эрдэнэт”, “Юникарпет”, “Чингис”, “Хүннү”, “Атилла” зэрэг нэр төрлийн хивс, хивсэнцэрийг үйлдвэрлэж байна. Монгол хонины ноос бүдүүн ширхэгтэй, хөндий голтой байдаг нь Төв Азийн өндөрлөгийн хахир хүйтэн өвлийн улиралд дасан зохицсон биологийн онцлог бөгөөд дэлхийд зөвхөн Монгол хонинд л байдаг давуу тал юм. Үсний гуурсанд нь агаар дүүрсэн байдгаас дулааныг сайн тусгаарладаг аж. Мөн агаарын чийгшил их үед ноос нь хувийн жингийнхээ 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний чийгийг шингээгээд дулаан болгон гаргадаг гэнэ. Нэг кг хуурай ноосноос 960 килоджоул дулаан ялгардаг тул түүнийг байгалийн энерги үүсгэгч ч гэж хэлж болох юм.

Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс” компаний хувьд бүх түүхий эдээ өөрсдөө боловсруулж 100 хувийн үйлдвэрлэл эрхэлдэг онцлогтой. “Амьсгалаас бусдыг нь ашиглах боломжтой” монгол малаа самнаж үс ноосоор нь үйлдвэрлэл явуулдаг болохоор тэд бизнесээ хамгийн эрүүл хэмээн тодорхойлдог. Нэг үгээр хэлбэл өвтгөдөггүй бизнес.
Тус компани жилдээ 1’200.0-1’500.0 мянган метр квадрат хивс нэхэх, дан, давхар ээрмэл үйлдвэрлэх, 5000 тонн ноос угаах үндсэн гурван үйлдвэртэй. Хивсний үйлдвэрийн шат дамжлага бүртэй танилцахад зургаан километр орчим алхдаг аж. Монгол ноос, ноолуурыг түүхийгээр нь экспортлохыг зогсоож дотооддоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго тавин 2008 оноос эхлэн өргөтгөл хийж нэхмэлийн, ээрмэлийн, оёдлын гэсэн үндсэн гурван том дамжлагатайгаар үйлдвэрлэлээ эрхэлж байгаа юм байна. Тэднийх угааж боловсруулсан ноос, ноосон утас, эсгий, эсгий бүтээгдэхүүн бэлтгэн зах зээлд нийлүүлэхээс гадна улсын дотоодын хивсний 96 хувийг дангаараа үйлдвэрлэж бүтээгдэхүүнийхээ 30 орчим хувийг 20 гаруй оронд экспортолдог ажээ.
   
Мөн ноолууран утас, даавуу, сүлжмэл, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой, хүчин чадлаараа Монголдоо хоёрдугаарт ордог “Эрдэнэт кашмер” үйлдвэртэйгээс гадна Монголд анх удаа хөнгөн үйлдвэрийн салбарт нано технологиор даавуу үйлдвэрлэж эхэлжээ. Ус болон шингэн, хог шороо нэвтрүүлдэггүй энэхүү даавууг олон улсад ухаалаг даавуу гэж тодорхойлдог. Нано бүрхүүл бүхий даавуу нь нар салхинд гандахгүй, бороо цасанд норохгүй, ялзарч урагдахгүй зэрэг давуу талтай юм.ШУТИС-ийн багш, доктор Р.Мядагмаа Герман улсад 2001-2010 онд өөрийн судалгааны ажлаа эхлүүлж ухаалаг даавууг гарган авах аргыг нээснийг тэд ийнхүү үйлдвэрлэлд нэвтрүүлээд байгаа аж. Тухайн нутаг дэвсгэрт 1978 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа, жилд 26 сая тонн хvдэр боловсруулж 530.0 орчим мянган тонн зэсийн баяжмал, 4.5 орчим мянган тонн молибдены баяжмал vйлдвэрлэдэг Ази тивдээ томоохонд тооцогддог “Эрдэнэт” vйлдвэрийн ажлын хувцасыг тэд үйлдвэрлэж эхэлжээ. Мөн жилд 60 мянган метр эсгий, 25 мянган хос эсгий гутал, 30 мянган хос эсгий шаахай, 20 мянган эсгий гудас, барилгын дулуулагын 180 мянган метр квадрат материал зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай Ноос боловсруулах үйлдвэр, 80 мянган тонн ноолууран болон тэмээний ноосон ээрмэл, 360 мянган метр нэхмэл бүтээгдэхүүн, 24 мянган ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн, 40 мянган ширхэг оёмол бүтээгдэхүүн, хөдөлмөр хамгааллын 5000 ширхэг хвцас үйлдвэрлэх хүчин Оёдлын үйлдвэртэй юм.


1981 онд ашиглалтад орсон “Эрдэнэт хивс” улсын үйлдвэрийн газар байгуулагдсанаасаа хойш хоёрхон жилийн дараа буюу Улс тунхагласны 59 жилийн ойгоор нэг сая метр квадрат хивс үйлдвэрлэсэн амжилттай ажлын гараагаа эхэлж байсан юм. Тухайн үед нийт бүтээгдэхүүнийхээ 90 гаруй хувийг хуучин социалист системийн улс орнуудад экспортолж байсан билээ. Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэн 1990-ээд оны үед улсын үйлдвэрийн газруудыг хувьчлахад Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор үйлдвэр худалдааны “Эрдэнэт хивс” хувьцаат компани, 2010 онд хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөн зохион байгуулж, улмаар 2014 онд хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрээр “Номин холдинг” компаний “Натурал текстайл” группийн мэдэлд иржээ. 2001 оноос Монгол Улсаа төлөөлөн  гадаад зах зээлээ тэлэх, шинэ худалдан авагчидтай холбоо тогтоох, өөрийн бүтээгдэхүүнээ сурталчлах, гадаадын ижил төстэй компаниудын техник технологи болон дэлхийн хивсний хөгжлийн чиг хандлагыг судлах зорилгоор жил бүр Герман, Хятад, Япон, Орос, Казакстан зэрэг орнуудад зохиогддог хивсний төрөлжсөн олон улсын үзэсгэлэн худалдаануудад шат дараалан амжилттай оролцож, олон улсын чанартай 46 үзэсгэлэн худалдаанд бүтээгдэхүүнээ танилцуулан, эдүгээ гадаадын 42 гаруй орны 300 орчим компанитай холбоо тогтоон ажиллаж байна.

800 гаруй ажиллагсадтай, улсын болон орон нутгийн төсөвт жилдээ 5.6 орчим тэрбум төгрөгийн татвар, НДШ-ийг төвлөрүүлдэг тус компанийн үйлдвэр нийслэл Улаанбаатар хотоос 400 км зайтай оршдог. “Эрдэнэт хивс” компани нь Монгол улсын чанарын удирдлагын ISO 9001:2008 стандартыг хэрэгжүүлсэн хоёр дахь компани бөгөөд дээр нэгэнтээ дурдсанчлан дэлхий дахинаа ноосон эдлэлийн хамгийн нэр хүндтэй “Woolmark” болон “Woolmark Blend” тэмдгийг эзэмшигч Монголын анхны компани болсон юм. Тэд өнөөдөр ОХУ-ын Москва, БНХАУ–ын Бээжин, Шанхай, Хөххот зэрэг хотуудад төлөөлөгчийн газартай, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад өөрийн нэрийн барааны томоохон дэлгүүрүүдтэй, Хөвсгөл, Говь-Алтай аймгуудад төлөөлөгчийн газартай, Монгол орны бүх аймаг суман дахь гэрээт борлуулагчдаараа дамжуулан бүтээгдэхүүнээ түгээн борлуулж байна.

“Эрдэнэт хивс’’ компани нь сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, гадаад болон дотоодын зах зээлд олон улсын чанарын стандарт шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлэх зорилгоор техник технологийн шат дараалсан шинэчлэлүүдийг эрчимтэй хийсний үр дүнд дэлхийн хөгжилтэй зэрэгцэн алхаж, бүтээгдэхүүний чанар нь олон улсын стандартын шаардлагад хүрч дотоодын хивс хивсэн бүтээгдэхүүний хэрэгцээг хангахын зэрэгцээ Орос, Хятад, Япон, Герман, Австрали, Испани, Иордани, Катар, Казахстан Швед зэрэг дэлхийн 20 гаруй улс оронд экспортолж байна. Бид тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ дэлхийн хивс үйлдвэрлэгчдийн дунд хүндтэй байр эзэлдэг Казахстан улс төр захиргааны байрнуудынхаа хүлээн авалтын өрөө танхимыг Монгол хивсээр гоёхыг хүсч “Эрдэнэт хивс” компанид 2600 ам метр хивс захиалсныг үйлдвэрлэж байхтай таарсан юм. Мөн Америкийн захиалга хэмээх онцгой загвар дизайн бүхий хивсийг ч сонирхох боломж олдлоо. Хятад, Япон, Солонгос гэх мэт Азийн улс орнууд нарийн нягт хээ угалзтай, цэцэг, шувуун чимэглэл бүхий тод өнгийн хивсийг түлхүү сонирхдог бол Европийн хэрэглэгчид этгээд, абстакт зурагтай, цулгуй голдуу хивсийг байгалийн натурал өнгөөр нь захиалдаг аж.
 Дашрамд дурдахад, “Эрдэнэт хивс” компани урын сандаа 3000 гаруй загвар зурагтай бөгөөд классик, абстракт, түүхэн зургууд зонхилдог ажээ. Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн алба нь зах зээлийн судалгааг байнга хийж шинэ үеийн хэрэглэгчид ямар загвар стилийн бүтээгдэхүүн сонирхож байгаад дүгнэлт хийж үйлдвэрлэлдээ нэвтрүүлэхийг эрмэлздэг байна. Мөн дундад Азид экспортлох бүтээгдэхүүнээ Ираны мэргэжлийн зураачаар зуруулдаг гэнэ. Эрдэнэт хивс” компани 2000 оноос хивсний зураг дизайн хийх Ираны “BOORIA” мэргэжлийн программыг ашиглаж эхэлснээр Монгол хивсний дизайны хөгжилд шинэ суурийг тавьсан юм. Үүнээс хойш Украйн, Турк, Герман, Иран, Испанийн зураачидтай хамтран зах зээл бүрийн онцлогт тохируулан жил бүр коллекцио шинэчлэн ажиллаж байна. Хивсний зураач гэдэг тун нарийн мэргэжил бөгөөд цэг бүрээр хатган тэмдэглэдэг учраас тухайн уран бүтээлчээс маш их мэдрэмж, ур шаарддаг ажил ажээ. Дэлхийд хивсний зураач дагнан бэлтгэдэг их дээд сургууль одоогоор байхгүй, 1970-аад оны дундуур Кэмбрижийн их сургуульд ганцхан удаа нэг анги төгсгөсөн нь энэ салбарын багш нар болжээ. “Эрдэнэт хивс”-ний ахлах дизайнер, зураач Ц.Отгонбаяр зөвхөн нэг удаагийн олон улсын үзэсгэлэнд оролцоход давтагдашгүй зураг загвартай 150 орчим хивсийг тусгайлан үйлдвэрлэдэг хэмээн ярьж байлаа.
Тус үйлдвэр 2014-2015 онд техник технологийн үсрэнгүй шинэчлэлт хийж, Бельги улсад үйлдвэрлэсэн, хамгийн сүүлийн үеийн технологийн шийдэлтэй, 4-5 етр өргөнтэй, компьютерийн автомат удирдлагатай, 8-16 өнгөтэй нэхэх машинуудыг суурилуулж ашиглалтанд оруулснаар задгай, гогцоо, хавтгай зэрэг олон төрлийн нэхээстэй, олон улсын чанарын стандарт шаардлагыг хангасан, дээд зэргийн чанартай, "АТИЛЛА" болон "ЮНИКАРПЕТ" брэндийн цоо шинэ нэр төрлийн хивс, хивсэнцэр, өргөн дорожийг дотоод болон гадаад зах зээлд нийлүүлж эхэлжээ. АТИЛЛА брендын хивс нь нэг метр квадрат талбайд  нэг сая цэгийн нягтаршилтай бөгөөд Монгол улсад үйлдвэрлэж эхэлсэн хамгийн өндөр нягттай хивс болж шинэ дэвшил рүү хийсэн огцом үсрэлт болсон байна.

Сүүлийн жилүүдэд ноосон хивсний хэрэглээ өсөхийн хамт эртний их түүхтэй, уламжлалт нүүдлийн мал аж ахуйтай, өвөрмөц соёлтой Монгол орныг дэлхий нийтээр сонирхох болж “Монголоос ирсэн, цэвэр байгалийн бүтээгдэхүүн” хэмээн онцолж үзэх хандлага нэмэгдсээр байна. Энд тэмдэглэхэд, дэлхийд алдартай гэр ахуйн бүтээгдэхүүний хамгийн том бренд болох IKEA компани нь Монгол ноосон хивсийг өөрийн сүлжээгээр борлуулах зорилгоор Эрдэнэт хивстэй хамтран ажиллаж эхэлсэн байна. IKEA бренд нь “2030 он гэхэд нийт нэхмэл эдлэл болон хивсэн бүтээгдэхүүнийхээ 95 хувийг хүн болон байгальд ээлтэй, нөхөн сэргээгддэг байгалийн гаралтай болгох”-оор стратегиа өөрчилсөн бөгөөд бусад гэр ахуйн томоохон сүлжээнүүд ч энэ хандлагыг анхааралтай ажиглан харж байна. Дэлхий дээр ноосон хивс үйлдвэрлэгч 10-аадхан компани байдгийн ихэнх нь түүхий эд болох ноос, ноосон утсаа импортоор авдаг. Харин “Эрдэнэт хивс”-ийн хувьд түүхий эдээ малчдын хотноос өөрсдөө бэлтгэн эх орондоо 100 хувийн үйлдвэрлэл эрхэлж байгаа нь хамгийн том давуу тал юм.
Дэлхий дахинд натурал ноосон утас өндөр өртөгтэй байдаг бол мал аж ахуйн орон гэгддэг манай улсад хонины ноос энгийн өдөр тутмын хэрэглээ байж химийн гаралтай сентитик утаснаас ч хямд үнээр үйлдвэрлэлд нийлүүлэгддэг нь олзуурхууштайгаас гадна чанар, эрүүл ахуйн хувьд төгс хэрэглээ болдог билээ. Түүхий эд нь ийм олдоцтой, сонголттой байгаа давуу талаа ашиглан тус компанийхан монгол хонины ноосыг ангилан судалж хамгийн чанартай сайн ноостой хоньтой Завхан, Хөвсгөл, Говь-Алтай аймгуудаас ноосоо бэлтгэдэг аж. Социализмын үед тухайн бүс нутагт ноосны чиглэлийн хонийг өсгөн үржүүлж байсан нь өдгөө ч чанар үүлдрээ хадгалсаар байгаа юм. Хамгийн сонирхолтой нь фермерийн аж ахуй эрхэлдэг улс орнуудад хониноос зөвхөн цагаан ноос л авдаг бол монгол хониноос байгалийн натурал олон өнгийн ноос гаргаж болдог гэнэ. Энэ нь бэлчээрийн мал аж ахуйн давуу тал аж. “Эрдэнэт хивс” компани боловсруулсан ноосоо өөрсдийн үйлдвэрлэлд ашиглахын зэрэгцээ Индонез, Хятад, Итали улс руу экспортолж байна.
Цаашид экспортоо нэмж манай хонины ноосыг сонирхож худалдаж авах хүсэлтээ ирүүлээд байгаа улсууд руу гаргахаар төлөвлөж байгаа юм байна 2007 оноос монгол ноосыг байгалийн өнгөөр нь ялгаж, ямар ч будаг, химийн материалын боловсруулалт хийлгүй натурал өнгөөр нь үйлдвэрлэн зах зээлд нийлүүлсэн нь экологийн цэвэр бүтээгдэхүүн болж, олон орны хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бөгөөд өнөөдөр байгалийн өнгөтэй хивсний 200 гаруй зураг загварыг Япон, Герман, Орос, Хятад зэрэг оронд амжилттай борлуулж байна.
Тус компани 36 жилийн хугацаанд 23.3 сая.м2 хивс үйлдвэрлэж, үүний 53.7 хувийг дотоодын зах зээлд, 46.3 хувийг гадаад зах зээлд худалдан борлуулжээ. Хивсний загвар дизайн, технологийн хувьд дэлхийд цуутай перс хивс, суудаг утастай хивс, саатай утас ашигласан хивс, хавтгай нэхэлттэй хивс, зуун хувийн ноосон хивс, байгалийн өнгөтэй хивс, аксминстер ноосон дорож гэсэн төрлүүд байна. Дэлхий дахинд гар хивсээрээ алдаршсан Перс хивс нь сонгодог бүтээл бүхий зураг дизайны өвөрмөц шийдэл, өнгө будгийн хослолоороо дахин давтагдашгүй байдаг. “Эрдэнэт хивс” компани монгол хонины ноосыг торгон утастай хослуулан дэлхийд цуутай перс бүтээлийг хивсэндээ урлаж байгаа билээ. Харин суудаг утастай хивсний тухайд, монгол хонины ноосыг тусгай технологийн суудаг утастай хослуулснаар хивсний үслэг гадаргууд үсний өндөр намын өвөрмөц эффектийг үүсгэснээр өнгө дизайн, хээ хуарыг улам тодотгож чамин болгожээ. 2013 онд хар болон цагаан суудаг утсыг алтан саатай утастай хослуулан ашигласан шинэ коллекц үүсгэн үйлдвэрлэж худалдаанд гаргасан нь хэрэглэгчдээс өндөр үнэлэлтийг авсан юм. Мөн хавтгай нэхэлтийн хивсэнд монгол хонины ноосыг хавтгай шапель утастай хослуулан урласан нь хивсний үслэг гадаргууг жигд бус болгож харагдах байдал, өнгө үзэмжийг илүү өвөрмөц чамин болгож байгаа юм. Тэрчлэн хонины ноосны натурал өнгүүдийг мөнгөлөг саатай утастай хослуулан шинэлэг шийдэл бүхий 20 гаруй загварыг үйлдвэрлэсэн нь гадаад дотоодын хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн, эрэлт ихтэй бүтээгдэхүүн болжээ. Ийнхүү нэгэн цагт хаадын хэрэглээ байсан тансаг чамин хивс өнөөдөр “Монгол” шошготойгоор орчин үеийн брэнд хэмээн цоллогдож дэлхийн зах зээлд өөрийн байр сууриа эзэллээ.

Б.Занданхүү
 

Холбоотой мэдээ