ХАРМАГ: УУЛ УУРХАЙГ ОРЛОХ ГЕНЕТИК БАЯЛАГ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
munkhbaatar@montsame.gov.mn
2021-09-16 12:39:54
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол орон нь дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд эрчимтэй өртөөд буй 10 орны нэг болоод байна. 2020 оны байдлаар, нийт нутаг дэвсгэрийн 120.3 сая га буюу 76.9 хувь нь хөрсний доройтолд орсныг Монгол орны цөлжилтийн атласт харуулжээ.


Цөлжилтийг бууруулах талаар олон жил ярьсан ч оновчтой, үр дүнтэй шийдлийг хайсаар өдийг хүрсэн билээ. Тэгвэл Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “Амин хэлхээ байгаль сан” ТББ нь “Хатан хармаг кластер” хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хармаг жимсний сондуулыг таримал болгож, үржүүлэн ургуулснаар, цөлжилтийн асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтойг онцолж байна. Тус байгууллага хармаг жимсний сондуулыг хамгаалах, үржүүлэх ажлыг 2012 оноос эхэлж тариалах агротехникийг гаргасан бөгөөд өнөөдрийн байдлаар 100 гаруй мянган үрсэлгээг бэлтгэж монгол орны 21 аймгийг хармагжуулах аяныг өрнүүлээд байгаа юм. Байгалийн ургамлыг тарималжуулах нь ирээдүйд уг ургамлыг устах эрсдлээс хамгаалж, генийн санг хадгалах ач холбогдолтой.



Хармаг жимсний сондуулыг тариалснаар чухам яагаад цөлжилтийн асуудлыг шийдвэрлэх юм бол?. Энэ асуултад хариулт авахаар манай сурвалжлах баг Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “Амин хэлхээ байгаль сан” ТББ-ыг зорьсон юм. 


-ГОВИЙГ ОЙЖУУЛАХ ЭХЛЭЛ-



Голдуу элсэн хөрстэй, хотгор, гуу жалга, хужир марзтай газарт мөлхөө ишнээс олон салаалж ургасан 50-80 см өндөр сөөгт нэг дор 3-7 ширхгээр багцлан ургасан хөхөвтөр хүрэн өнгөтэй, зөөлөн чихэрлэг жимсийг хармаг гэнэ. Хармаг нь долоодугаар сарын эх, дунд үеэр цэцэглэж найм, есдүгээр сард боловсорч гүйцдэг. Хармаг жимс С витамин, органик хүчил, чихэрлэг бодисоор баялаг. Түүнийг говь нутгийнхан түүж чанамал, ундаа, амтат дарс хийж ашигладаг байна.




Хармаг жимсний сондуул нь “nitraria” бүлгийн ургамлын төрөлд хамаардаг. Энэ төрлийн ургамал нь өргөслөг иштэй учраас элсний нүүдлийг хурааж дов болгон өндөрлөж ургадаг бөгөөд биологийн олон төрөл зүйлийн ургамлын амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлж өгдгийг олон судалгаа нотолжээ.

“Nitraria” бүлгийн хармаг нь дэлхий дээр 11 зүйл байдгаас монголд 5 зүйл нь ургадаг байна. Эдгээрээс манай оронд хамгийн элбэг ургаж байгаа нь нутгийн нэршлээр хонин хармаг юм. Харин чонон хармаг нь өөр бүлгийн ургамал бөгөөд говьд ургадаг, ижил төстэй байдлаас Монголчууд хармаг гэсэн ерөнхий нэрээр нэрлэжээ. Нутгийнхан хонин, ямаан, чонон гэх мэтээр ялгаж тодотгодог. Ерөнхийдөө, дэлхий дээрх 20 гаруй цөлд энэ төрлийн ургамал ургадаг юм байна. “Энэ ургамлыг элсний нүүдлийг зогсоогч гэж хэлж болно. Өмнө нь бид элсний нүүдлийг яаж зогсоох вэ гэж толгой гашилгадаг байсан. Тэгвэл одоо элсний нүүдлийг зогсоомоор байвал сондууль тарих хэрэгтэй” хэмээн “Амин хэлхээ байгаль сан”  байгаль хамгаалах ТББ-ын тэргүүн Б.Баярчимэг онцолж байв.



Өмнөговь аймагт 20 гаруй жил тоосгоны үйлдвэрлэл явуулж байгаа "Галтууд" ХХК байгаль хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах зорилгоор “Амин хэлхээ байгаль сан” ТББ-ыг 2012 онд үүсгэн байгуулжээ. Энэ компанийг Б.Баярчимэгийн нөхөр Д.Төрбаяр ажиллуулдаг юм. Галтууд ХХК-ийн захирал Д.Төрбаяр, “Бид байгалийг нөхөн сэргээж, ногоон хөгжилд түүчээлэх боломжийг эрэлхийлэхийн зэрэгцээ орон нутгийн онцлогт тохируулан эдийн засгийн тогтвотой өсөлтөд хувь нэмрээ оруулахыг зорьж “Хатан хармаг кластер” хөгжлийн хөтөлбөрийг санаачилсан юм. Энэ хүрээнд компанийнхаа дэргэд байгаль хамгаалах, нөхөн сэргээх, бут жимсийг үржүүлэх зорилгоор тус сангийн эхлэлийг 2012 онд тавьж, 2014 онд албан ёсоор байгуулсан юм. Энэ сангаар дамжуулан цөлжилтөд өртөж байгаа говьд бут, сөөг, тарьж ургуулж генетик нөөцийг нь хадгалах зорилготой” хэмээн танилцууллаа. 



Тэдний гэр бүл говийг далайцтай ойжуулах мөрөөдлөөр 2005 оноос улиас, хайлаас зэрэг мод тарьж эхэлсэн ч говийн нөхцөлд их хэмжээний хөрөнгө, хүн хүч, усны хэрэгцээ шаардлагатай байв. Тиймээс өөрөө өөрийгөө санхүүжүүлэх боломжтой жимс, жимсгэний мод тариалах нь зүйтэй гэж шийджээ. Ийнхүү говийг ойжуулах мөрөөдлөө чацарганы мод тариалалтаар үргэлжлүүлсэн ч өөр нэгэн хүндрэлтэй учирчээ. Учир нь говийн халуунд жимс эрт боловсордог. Тиймээс намрын адаг сард хөлдөөж түүдэг чацаргана жимсийг хураахад хүндрэлтэй байсныг хуучилж байв. Гэсэн ч говийг ойжуулна гэсэн мөрөөдлөө орхилгүй говийн унаган жимс болох хармагны сондуул тарих шийдэлд хүрчээ.



“Чацаргана тарих ажлаа бүр мөсөн орхиогүй. Гэхдээ говийг ойжуулахад илүү далайцтай хувь нэмэр оруулах боломж нь говийн унаган ургамал хармаг жимсний сондуул юм. Энэ нь говийн нөхцөлд маш амархан дасан зохицож илүү сайн ургах боломжтой. Нөгөөтээгүүр хармагны сондуул Өмнөговь аймгийн 60 хувьд нь ургаж байгаа. Гэтэл жимслэх нь жилээс жилд багасаж, хэн ч хармаг ярихгүй чимээгүйхэн байгаад байвал 10-20 жилийн дараа нэн ховор ургамлын жагсаалтад ороход бэлэн байгаа. Үүнийг бидний есөн жилийн үйл ажиллагааны судалгаа, туршилтын тандалт хэлж өгч байгаа” хэмээн “Амин хэлхээ байгаль сан” ТББ-ын тэргүүн Б.Баярчимэг тодотгож байлаа. 


-ХАМГААЛАЛТ БА НӨХӨН СЭРГЭЛТ-



Сондуул нь хармаг жимснийхээ унасан үрээр шинээр ургадаг. Гэвч бут нь ихээр ургаж байгаа ч сүүлийн жилүүдэд жимслэхгүй байсаар байгалийн нөхөн сэргэх үйл явц удааширч байгааг "Галтууд" ХХК, “Амин хэлхээ байгаль сан” ТББ-ын мэргэжилтнүүдийн судалгааны үр дүнд тогтоожээ. Тодруулбал, 1000 сондуулны дөрөвт нь л хармаг жимс ургаж байгаа юм.  “Говьд хур бороо, чийг хомсдолтой байгаагийн зэрэгцээ жимслэхээр гарсан цэцгийг нь салхи туучихаж байгаа юм. Ургамал бүрийг технологийн цаглабарт хувааж, тухайн цагт нь усалж арчилснаар ургадаг. Гэтэл бороо технологийн цаглабарын дагуу услахгүй байгаа” хэмээн Б.Баярчимэг учирлав. 


Сүүлийн 80 жилийн уур амьсгалын үндсэн үзүүлэлтийн ажиглалтаар Монгол орны хэмжээнд дундчилсан байдлаар жилийн агаарын температур 2.25 градусаар дулаарч, хур тунадасны хэмжээ 8 хувиар буураад байгаа юм. 



"Галтууд" ХХК санхүүжүүлж, “Амин хэлхээ байгаль сан” ТББ-аас байгаль дээр хармаг жимсний үрсэлгээг тариалахаас гадна Даланзадгад хотын өмнөд хэсэгт, “Урд гол” гэх газарт нэг га талбайг хашиж хамгаалжээ. Энэ талбайд хармаг жимсний сондуулыг арчилж, технологийн цаглабараар услахын зэрэгцээ нэмж үрсэлгээ суулгаж байгаа юм. 2018 оноос энэ ажлыг тус сумын ИТХ-аас дэмжиж, хамгаалах талбайг нь 5 га болгож өргөжүүлэхийг зөвшөөрсөн байна. Энэ газарт хойшдоо нутгийн иргэдийн оролцоотойгоор эко системийн сэргэн ургалтын дэмжиж, хамгаалах замаар байгалийн цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж байна.



"Галтууд" ХХК-ийн захирал Д.Төрбаяр, “Бид хүүхэд байхдаа эндээс хармаг жимс түүж иддэг байсан. Гэтэл байгалийн хуурайшилт, цөлжилтөөс шалтгаалж 2000 оноос хойш огт жимс ургаагүй. Энэ талбайг бид хашиж хамгаалахын зэрэгцээ нэмж үрсэлгээ суулгаж байгаа. Энд хамгаалах талбай байгуулснаар, байгалийн олон төрлийн ургамал сэргэн ургаж байна. 2018 онд хамгаалснаас хойш гурван жилийн дараа буюу одоо сондуул нь жимсээ өгч эхэлсэн” хэмээн хамгаалах талбайн үр дүнг тайлагнаж байв. 


Өмнөговь аймаг ногоон байгууламж, таримал ойн сангаараа улсдаа тэргүүлдэг байна. Түүний ихэнх нь Даланзадгад хотын хойд талд байдаг бол “Урд гол” гэх энэ газар нь салхины доор байдаг тул хогондоо дарагдаж, байгалийн төрөл зүйлийн ургамлууд устахад ойрхон байв. Талбайн хогийг цэвэрлэснээр, одоо хөрсний бохирдол 70 хувиар буурчээ. 



Даланзадгад сумын Засаг дарга Х.Батболд, “Цэцэрлэгт хүрээлэн байгуулахад аймгийн Засаг даргын нөөц сангаас дэмжлэг олгосон. Цаашид шат дараатай дэмжлэг олгохын зэрэгцээ 2022 оны улсын төсөвт тодорхой зардлыг тусгах зорилттой байгаа. Мөнгөн дэмжлэгээс гадна бараа материалын дэмжлэг олгож байгаа олон газар бий” хэмээн онцолсон юм. Одоо тус сан орон нутагтайгаа хамтарч Өмнөговь аймгийн 14 суманд хамгаалалтын талбай байгуулахаар төлөвлөгөө гаргажээ. Эхний ээлжинд Номгон, Мандал-Овоо сум талбайгаа гаргаж өгчээ. Тэдгээр талбайд хармаг жимсийг дээрхтэй адилаар худаг гарган, тариалж арчлах юм. Энэ ургамал нь зөвхөн говьд ч биш, ямар ч газар дасан зохицож ургах боломжтой аж.


"Амин хэлхээ байгаль сан" ТББ одоогоор 21 аймгийн 19-д нь бэлтгэсэн үрсэлгээгээ их, бага хэмжээгээр хүргэсэн бөгөөд 400-аас дээш үрсэлгээ тариалсан таван аж ахуй үүсээд байгааг Б.Баярчимэг дурдаж байв. 



-НОГООН БИЗНЕС БА ЭРҮҮЛ МЭНД-



"Хатан хармаг кластер хөгжлийн хөтөлбөр" нь “Амин хэлхээ байгаль” сангаас гадна “Хатан хармаг” ХХК-ийг үүсгэн байгуулжээ. Энэ компани хармаг жимсээр үйлдвэрлэж болох янз бүрийн бүтээгдэхүүний туршилт, судалгааг явуулдаг. Одоогоор, 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний загвар гаргасан бөгөөд аж ахуйн нэгжүүдэд түүнээс нь санаа авч, үйлдвэрлэхийг санал болгож байна. Харин 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг өөрсдөө үйлдвэрлэж байгаа юм. Ингэснээр, говийг ойжуулах ажилд бүх нийтээр далайцтай оролцох боломжтойг тэдний ажил үйлс харуулж байна.


Говийг ойжуулах мөрөөдлөөр эхэлсэн хамгаалах, тариалах ажил жижиг, дунд үйлдвэрлэл болон өргөжжээ. "Галтууд" ХХК нь “Хатан хармаг кластер хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд “Амин хэлхээ байгаль сан” ТББ, “Хатан хармаг” ХХК-ийн үйл ажиллагааг зангидах болсон байна. 



“Хатан хармаг” ХХК нь 2017 оноос говьд ургадаг хармагаар загвар байдлаар цай үйлдвэрлэхийн зэрэгцээ тус жимсний ач холбогдлыг судалсан байна.


Судалгааны явцад хармаг жимс нь хүний эрүүл мэндэд нэн ач холбогдолтой 20 гаруй нэр төрлийн эрдэс агуулж байгааг тогтоожээ. Тухайлбал, фосфор, магни, Д, С витамин, антиоксидант, цайр, кальци зэрэг эрдсийг их хэмжээгээр агуулдаг байна.


Бусад төрлийн жимсгэнэтэй харьцуулсан судалгаагаар, С витамины агууламжаар чацарганаас 8 хувиар илүү байгааг судалгааны үр дүн харуулжээ. 


Хармаг жимс нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, цус шингэлэх, арьсны өнгө сэргээх зэрэг эерэг нөлөөтэй. Мөн сахарын өвчин, хорт хавдрын эсийн идэвхжлийг дарагуйлах ашиг тустай юм байна. Гэхдээ энэ жимсийг өдөрт нэг граммаас илүү хэмжээгээр хэрэглэх нь зохимжгүй байдаг аж. Хармаг жимсийг манай уламжлалт анагаах ухаанд  хэрэглэдэг туршлага бий. Тодруулбал, хөхний сүүний хордлого буюу нялх хүүхдийн бүх биеэр загатнасан товхойсон усархаг ярыг хармагны хандаар эмчилдэг. Мөн ходоод, дотрыг анагаах зэргээр ам дамжин ирсэн уламжлалт хэрэглээ ч бий.



Тус компани хармаг жимсний Монголд ургадаг 4-5 төрөл байгаагаас хамгийн элбэг буюу хонин хармаг, чонон хармагийг тариалж, бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглаж байна. Чонон хармагийг Өмнөговьд анх удаа нутагшуулсан бөгөөд эхний ургацаараа түүхий эдээ бэлтгэж байгаа юм. Энэ жилээс компанийнхаа үйл ажиллагааг өргөтгөж зах зээлд нийлүүлж эхлээд байгааг “Хатан хармаг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ууганжаргал хэлж байлаа. Тэрбээр, “Бид энэ жимсийг зөвхөн байгаль дээрээс түүх биш, тарималжуулаад, түүгээрээ бүтээгдэхүүн үйлдвэрлэж өөр өөрийгөө санхүүжүүлэх ногоон бизнесийн үйл ажиллагаа явуулахаар зорьж байгаа” гэлээ.


Одоогоор тус компани хармаг жимсний таван төрлийн цайг гаргаж байна. Үүн дотор хармаг жимсний сондуулны навчийг ч цай болгон ашиглаж байгаа юм. Сондуулны навч нь хармаг жимснээсээ илүү бактери устгах ач холбогдолтойг судалгаагаар тогтоосон байна. 



Энэ жимсээр хүнсний бүх төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Нөгөөтээгүүр хармагны орцтой гоо сайхны бүтээгдэхүүн ч хийх бололцоотой. “Хатан хармаг” ХХК хүмүүст сэдэл өгөх зорилгоор, хармагтай саван, цэлцэгнүүр, чанамал, ундаа, шимийн архи зэрэг загвар гаргаад байна. “Бидний зорилго бол говийн жимс хармагийг Өмнөговь аймгийн брэнд бүтээгдэхүүн болгож хүмүүст таниулах юм. Манай загвар бүтээгдэхүүнийг Өмнөговь аймагт бизнес эрхлэхээр сонирхож байгаа хэн ч байсан салбарлаад хийх боломжтой” гэдгийг “Хатан хармаг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ууганжаргал онцоллоо. Тэрээр, ингэж тариалсан жимсээ эдийн засгийн эргэлтэд оруулснаар давхар байгаль хамгаалах ажлаа санхүүжүүлэх давхар боломжтой болж байгааг хэлж байв. 


Тус компани 2018 онд БНХАУ-ын Шанхай хотын олон улсын үзэсгэлэн худалдаанд бүтээгдэхүүнээ дэлгэсэн ч цар тахлын улмаас сүүлийн хоёр жил оролцож чадаагүй байна. Таван төрлийн цайгаа голчилж үйлдвэрлэх тус компани удахгүй Улаанбаатар хотод нэрийн дэлгүүрээ нээхээр төлөвлөж байна. Одоогоор Өмнөговь аймгийн Даланзадгад суманд “Grand gobi resort” жуулчны баазад нэрийн дэлгүүрээ загвар хэлбэрээр нээжээ. 


Даланзадгад сумын ЗДТГ-ын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөртөө нутгийн брэндийг бий болгох ажлыг тусгаж, аймгийн ИТХ-аар хармаг жимсийг бахархалт жимсээр тодорхойлж тогтоол батлуулжээ. 


“Хармаг жимсийг үрээр тариалснаар, 2-3 жилийн дараа ургацаа өгөх боломжтой. Харин таван жилийн дараа 100 хувь жимсэлж байгааг туршлага байгаа“-г Хатан хармаг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ууганжаргал онцолж байлаа.


-ХӨӨС ХӨӨС-



“Хатан хармаг кластер хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд аж ахуйн нэгжүүд загвар бүтээгдэхүүнийг нь салбарлаж үйлдвэрлэж байна. Тухайлбал, хармагтай ингэний сүүн саван, цэлцэгнүүр үйлдвэрлэж байгаа Өмнөговь аймгийн Номгон сумын малчин Н.Алтанцэцэгийн бүтээгдэхүүнтэй бид танилцсан юм. Малчин хүнд хийх ажил мундахгүй олон ч түүнийхээ хажуугаар үйлдвэрлэл эрхэлж өрхийн орлогоо нэмэгдүүлж байгаа нь бахархууштай. Тэрээр тэмээ малладаг бөгөөд ингэнийхээ сүүг хонины сүүл, хармаг жимсний навчтай хольж саван үйлдвэрлэдэг. Түүнийг нь голдуу гадаадад байгаа монголчууд захиалгаар авдаг байна. Түүнээс гадна 2018 онд Шанхайн олон улсын үзэсгэлэнд гарснаас хойш зэргэлдээ мужуудаас олон захиалга ирсэн ч цар тахлын улмаас нийлүүлж чадаагүй аж.



Тэрбээр, “Ингэний сүү надад бэлэн байна. Малчин хүн тэмээгээ саана шүү дээ. Ингэхдээ модон хувинд саадаг. Тэгэхээр миний гарч байгаа бүтээгдэхүүний орц бүгд эко гэдгээрээ онцлогтой. Хармагны навч нь бактери устгахын зэрэгцээ нүүр, амны шархлааг эмнэдэг. Ингэний сүү, хонины сүүл нь цайруулах үйлчилгээтэй. Хатадын гоо сайханд хонины сүүл хэрэглэдэг байсан шүү дээ” хэмээв. 


Малчин Н.Алтанцэцэг савангаас гадна ингэний айргийг хармаг жимстэй хольж цэлцэгнүүр хийж байна. Олон төрлийн витамины агууламжтай тул хүүхдийн дархлааг сайн дэмжинэ. Энэ цэлцэгнүүртээ язгуур урлагийн нэг төрөл буюу ингэ ивлэгэх дуудлагаар бэлгэдэж “Хөөс хөөс” гэдэг нэрийг өгчээ. 


“Тэмээгээ саана, айраглана, бэлэн бүтээгдэхүүн болгохын тулд савлах, шошго наах зэрэг ажил их. Гэхдээ багаас мал маллаад сурчихсан болохоор ажлыг түүртэхгүй хийгээд л байдаг” гэж малчин Н.Алтанцэцэг ярьж байна. 


-ХЭТИЙН ЗОРИЛГО ДЭЛХИЙД-


“Хатан хармаг кластер хөгжлийн хөтөлбөр” нь “Амин хэлхээ байгаль сан”-гаар дамжуулан 21 аймагт хармаг жимсний үрсэлгээг нийлүүлж, ургацыг нь эдийн засгийн эргэлтэд оруулснаар, дэлхийд Монголын генетик баялгийг таниулах зорилготой. Эхлээд 21 аймагтаа тарималжуулж, генетик баялгаа хамгаалснаар дэлхийд гарах үүд хаалга нээгдэнэ хэмээн “Хатан хармаг” ХХК-ийн ТУЗ-ийн дарга С.Намуундарь тодотгов. 



Тэрбээр, “Дэлхийд чихрийн шижин өвчтэй маш олон хүн бий. Энэ өвчнийг туссанаас цус ихээр өтгөрч тухайн хүний бие организм сулардаг. Тэгвэл хармагийг дурын хүнсэндээ хэрэглэхэд л сахарын өвчнийг эмнэх ач холбогдолтой. Нөгөөтээгүүр, хүний арьсыг залуужуулах сайн үйлчилгээтэй. Нүүрний маск ч хийж болно. Мөн хорт хавдрыг тодорхой хэмжээнд барих ач тустай. Жишээ татахад, манай компанид элэгний хорт хавдартай, олон удаа хагалгаанд орсон хүн хандаж, хармагны цайг 30 хоног хэрэглэж туршиж үзэх санал тавьсан. Бид эхэндээ эмээж байсан ч, тухайн хүн хэрэглэж болох, харшилтай эсэхийг нь судалж үзээд туршихыг зөвшөөрсөн. Тухайн хүн цайгаа 30 хоног уухад бие махбодод нь зовуурь илрэхээ больж, өөрт нь их таатай байсан. Тиймээс дэлхийн зах зээлд хавдар, чихрийн шижин өвчний эсрэг хармаг хэрэглэ гээд бүтээгдэхүүнээ зөвлөх бүрэн боломжтой” хэмээсэн юм. 


Удахгүй Улаанбаатар хотод цайны нэрийн дэлгүүр нээхээс гадна “Хатан хармаг кластер хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд загвар 40 гаруй бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж зах зээлд гаргахыг зорино. Одоогоор БНХАУ-ын Шанхай хотод хармагны цайгаа гаргасан бөгөөд борлуулалт маш сайн байгааг онцлохын зэрэгцээ хэрэглэгчид таатай хүлээн авч, дэмжиж байгаад талархалтай байдгаа тэмдэглэж байв. Цаашид бүтээгдэхүүнээ АНУ, Европ, Азийн зах зээлд шат дараатай гаргахаар хэтийн төлөвлөгөө гаргажээ. 


Сэтгүүлчийн тэмдэглэл...

Манай орны газрын хөрсөн дээр ургаж байгаа хүний биед ашиг шимтэй олон төрлийн эмийн ургамал бий. Түүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулбал, уул уурхайг ч орлохуйц эдийн засаг босгох боломжтой байгаагийн нэг жишээ нь "Галтууд" ХХК-ийн санхүүжүүлж буй “Хатан хармаг кластер хөгжлийн хөтөлбөр” юм. Тус хөтөлбөрийн нэг хэсэг “Амин хэлхээ байгаль” сан нь хармаг жимсийг хамгаалж, тарималжуулах, үржүүлэх судалгааг иж бүрнээр хийж байна. Энэ нь цаашид байгальд устахад ойр байгаа эмийн ургамлын генетик нөөцийг хадгалж үлдэж байгаа нэг хэлбэр юм. Уул уурхайгаас үүдэж хөрсний усны нөөц хомсдож, цөлжилт эрчимтэй явагдаж байгаа манай улсад бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн "Хатан хармаг" ХХК ногоон бизнесийг уриалж байгаа нь сайшаалтай. Нөгөөтээгүүр, хүний биед ашиг шимтэй, олон төрлийн витамины агууламжтай ургамлыг зөвхөн байгалиас түүж экологид хохирол тарих биш, тарималжуулж, түүгээрээ үйлдвэрлэл явуулах боломжтойг үлгэрлэж байгааг тэмдэглэх нь зүй. Бид уул уурхай дагаж биш, хөрсөн дээрх генетик нөөц баялгаа нэмүү өртөг шингээн бүтээгдэхүүн болгож эдийн засгийн эргэлтэд оруулах замаар Монголынхоо брэндийг дэлхийд таниулах цаг нэгэнтээ иржээ.

Холбоотой мэдээ