Дэрвэгэр жиргэрүүг тариалагчийн талбайд...

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
munkhbaatar@montsame.gov.mn
2021-08-04 13:38:45
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүний эрүүл мэнд хийгээд байгаль экологид үр шимтэй ургамлыг тарьж ургуулж байхад дайны хажуугаар дажин гэгчээр хууль бус наймаачдын улбаанд дэрвэгэр жиргэрүү тариалах бизнесийг үгүйсгэх хандлага байнга цухалзаж байна.


-ДЭРВЭГЭР ЖИРГЭРҮҮ БА ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД-



Байгаль дэлхий дээрх бүхий л амьд амьтан, ургамал хоорондоо ашиг шимээ хүртэх харилцан зохилдлоготой байдаг. Түүний нэгэн адилаар байгаль дахь зарим ургамлууд хүний биеийг илааршуулахаас гадна байгаль, экосистемд сайнаар нөлөөлж байдгийг шинжлэх ухааны үндэстэй нотолсон нь олонтаа билээ. 


Хүн төрөлхтөний олон мянган жилийн турш хуримтлуулсан туршлагад үндэслэж, эмийн ургамал гэсэн ангилал бүрдэн бий болсон байдаг. Аль ч үндэстний уламжлалт анагаах ухаанд хүний биед ашиг шимтэй эмийн ургамал ашигласан эмчилгээг түлхүү ашигладаг билээ. Тухайлбал, манай оронд төдийгүй, дэлхийд нэн ховор ургадаг дэрвэгэр жиргэрүүг БНХАУ, БНСУ зэрэг оронд хүнсний нэмэлт тэжээл, эмийн найрлагад ашигладаг байна. Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 тоот тогтоолоор, дэрвэгэр жиргэрүүг нэн ховор ургамлын жагсаалтад оруулжээ. 


Манай зарим аж ахуйн нэгжүүд энэхүү ургамлыг тарималжуулах болсон бөгөөд хамгийн амжилттай яваа нь "Бунд-Овоо" ХХК юм. Тус компани 2011 оноос байгалийн аргаар эмийн ургамал тариалж эхэлсэн бөгөөд, өнөөдрийн байдлаар, Төв аймгийн Баянцогт, Баянхангай суманд дэрвэгэр жиргэрүү тариалж байна. 



Манай сурвалжлах баг Улаанбаатар хотоос Төв аймгийн Баянцогт, Баянхангай сумын нутагт орших "Бунд-Овоо" ХХК-ийн дэрвэгэр жиргэрүү тариалж буй талбайг зорив. Голдуу үр тариа, рапсны жигд өнгөтэй талбай дунд "Бунд-Овоо" ХХК-ийн эмийн ургамлын талбай содон үзэгдэнэ. Учир нь энэ талбайд ямар нэгэн зүйл тарьсан гэж ер мэдэгдэхгүй, унаган байгалийн зүлэг ургасан шиг харагдах юм билээ. Дэрвэгэр жиргэрүүг таньж мэдэхгүй хүнд бол анхандаа тэгж л харагдана. Байгалийн олон төрлийн өвс ургасан тэр талбайгаас дэрвэгэр жиргэрүүг бид олж танимагц, тухайн талбайд шигүү ургасныг нь анзаарлаа.



“Энэхүү ургамал нь ганц үндэстэй, голлож ургадаг хийгээд, үндэсний урт нь хамгийн ихдээ 90 см, өргөн нь 3-4 см бүдүүн. Уламжлалт анагаах ухаанд эм, бэлдмэл хийхдээ үндсийг нь хэрэглэж байна. Харин навчийг нь дорно дахинд хүнсэнд хэрэглэж амин дэм болгон ашигладаг. Тухайлбал, Солонгост навч, иш, шилбээр нь хоолны хольц буюу панчан хийдэг юм билээ. Гэтэл манайд навчыг нь малын тэжээлд л ашиглаж байна даа” хэмээн инээмсэглэн ярих энэ хүн бол "Бунд-Овоо" ХХК-ийн захирал Ж.Ариунболд юм. 



Орчин үеийн шинжлэх ухааны хөгжлийн үр дүнд эмиийн ургамлууд хүний биед эерэг нөлөө үзүүлэх эсэхийг судлан тогтоож, анагаах ухааны салбарт өргөн ашиглах болжээ. Түүний нэгэн адилаар дэрвэгэр жиргэрүүг хятадын анагаах ухаанд халуун бууруулах, өвчин намдаах, үрэвслийн эсрэг, хавдар, халдварын эмчилгээнд өргөн хэрэглэдэг аж.



Дэрвэгэр жиргэрүүний ач холбогдлыг "Бунд-Овоо" ХХК-ийн захирал Ж.Ариунболдоос тодруулбал, “Энэхүү ургамлыг манай анагаах ухаанд ашигладаггүй. Харин Хятад, Солонгос, Япон зэрэг уламжлалт анагаах ухаан хөгжсөн орнуудад 70 гаруй төрлийн эмийн хөл ургамал болгон ашигладаг. Энэ ургамлын найрлагад сахарын төрлийн элементүүд маш баялаг. Тухайлбал, сахароз, фруктоз, глюкоз зэрэг элементийн агууламж өндөр. Хоёрдугаарт, энэхүү ургамал нь халуун чанартай, гоньдны төрлийн ургамал. Монголчууд "үхэр гоньд" гэдэг. Тиймээс салхин жилбэн, хүйтэн жилбэнд цохиулсан хүн үүнийг хэрэглэснээр хөлс гарч, өвчин илаарших сайн талтай. Орчин үеийн монголын анагаах ухаанд Ц.Гүндэгмаа докторын судалснаар, үе мөчний өвчлөлд эерэг үр дүн авчирч байгаа нь батлагдсан. Түүнчлэн миний уншиж, судалснаар арьс, өнгөний өвчнийг эмчлэхэд ач холбогдолтой юм билээ” хэмээн тайлбарлав. 


-ЭКОСИСТЕМ ХИЙГЭЭД ДЭРВЭГЭР ЖИРГЭРҮҮ-



Нэн ховор дэрвэгэр жиргэрүүг одоохондоо Монголын аль ч эмийн үйлдвэр эцсийн бүтээгдэхүүн, эм, ханд хийж чадаагүй байна. Сүүлийн жилүүдэд энэ ургамлыг улсын хилээр хууль бусаар гаргах олон оролдлого бүтэлгүйтэж, телевизийн мэдээний хөтөлбөрөөр “чих дэлсэх” болсон. Хууль бус гэсний учир нь, БОАЖ-ын сайдын 2018 оны тушаалаар, устах аюулд орсон дэрвэгэр жиргэрүүг байгалиас түүж бэлтгэн улсын хилээр гаргахыг 2023 он хүртэл хоригложээ.


"Бунд-Овоо" ХХК-ийн хувьд, БОАЖЯ-ны зөвшөөрлөөр Дорнод, Сэлэнгэ аймгаас бэлтгэсэн үрээр дэрвэгэр жиргэрүү тариалах ажлаа анх эхэлсэн байна. Сүүлийн жилүүдэд тус компани хуучин талбайгаасаа үр бэлтгэж тариалах замаар эргэлтэд оруулсан тухай Ж.Ариунболд захирал ярьж байлаа. Тэрбээр, “Энэ ургамлыг байгалаас түүх нь утгагүй. Учир нь манай улсад мал аж ахуй болон хүний хүчин зүйлээс шалтгаалж ургамлын бүтэц, төрөл цөөрч байгаа. Бид энэ ургамлыг тарималжуулснаар, байгалиас түүх шаардлагагүй болж байна. Тэр ч бүү хэл, газрын хөрсийг нь хөндөхгүйгээр, байгалийн аргаар тариалж байгаа гэдэг утгаараа экологийн ач холбогдолтой. Жишээ нь, 2019 онд тарималжуулсан 160 га талбайд энэ жилээс өдөр ирэх тусам үндэс нь нэмэгдэж байна. Учир нь энэ бол олон наст ургамал гэдгээрээ рапс, тариа, буудайгаас онцлогтой. Нэг удаа тарьчихсан байхад, мөнхийн ургана шүү дээ. Үндэс нь голлож ургадаг учраас эмт чанар нь хамгийн их байдаг. Дээрээс нь 15-22 см-ээр нь тайрч аваад ашигладаг” хэмээн ярьсан юм. 



Олон наст ургамал учраас дэрвэгэр жиргэрүү тухайн ургасан газартаа мөнх ургана. Тиймээс үндсээр нь сугалж авахгүй байх нь хамгийн чухал. Наад зах нь дөрвөн жил ургуулж үндэс нь урт, бүдүүн болсных нь дараа 15-20 см-ээр тайрч авна. Доороо үндэс нь үлдсэн учраас дэрвэгэр жиргэрүү дахин нөхөн сэргэж ургадгаараа онцлог. Нөгөө талаар, дэрвэгэр жиргэрүүний модлог үндэс нь борооны чийгийг хуримтлуулж, бусад ургамалдаа усан тэжээл өгч экосистемийн тэнцвэрийг хадгалдаг, ерөнхийдөө цөлжилтөөс сэргийлэх өвөрмөц ургамал юм.


"Бунд-Овоо" ХХК-ийн тариан талбайг харахад, дэрвэгэр жиргэрүүг жигд шугам татуулан тарьсан нь бэлхнээ үзэгдэх ч яг л байгалийн хөрс шиг харагдаж байгаа нь сонирхолтой. Бусад төрлийн тариа, буудай, хүнсний ногоо зэргийг тарихад хөрсийг нь хагалж, тухайн талбайд экологийн том хохирол авчирдаг гэдгийг хэн хүнгүй л мэднэ. Олон наст ургамал, тэр дундаа дэрвэгэр жиргэрүү нь экологийн үр шимийн хувьд газрын усыг хуримтлуулж ойр орчныхоо ургамлыг тэжээж байдаг нь гайхалтай. Бид Ж.Ариунболд захирлын хамтаар талбайг нь үзэж сонирхонгоо, дэрвэгэр жиргэрүү ургамлын байгальд үзүүлэх эерэг нөлөөллийн талаар цааш ярилцсан юм. 



-Танай талбайд дэрвэгэр жиргэрүүг нэг шугаманд хүн тариалсан нь илт харагдах хэдий ч унаган байгалийн хөрсөөрөө харагдах юм. Гэтэл тариа, буудайн талбайд хөрсийг нь эргүүлж байгаад тарьдаг шүү дээ?


-Ер нь эмийн ургамлыг байгалийн унаган чанарт нь тарьж ургуулбал эмт чанар нь илүү байдаг. Бид хөрсийг нь эргүүлээд тарьвал ургамлаас авах эмт чанар нь байхгүй болно шүү дээ. Энэ талбай гэхэд, социализмын үеэс хойш тариалалт хийгдээгүй, атаршсан газар байсан. Ерөнхийдөө, Ямаатын хөндий гэх энэ газар мал ихтэй бөгөөд цөлжилтөд орсон байсан. Одоо энэ талбайд сайн харвал хазаар, хялганаас өөр ургамал байхгүй. Энэ ургамлууд шинээр ургаж бий болж байгаа. Улаанбуудай, рапс тарьвал долоо хоногт л ургадаг. Харин дэрвэгэр жиргэрүү бол өөр. Яагаад гэвэл, ямар нэгэн бордоо хэрэглэхгүй, байгалийн зэрлэг үрээр тарьж байгаа, нөгөө талдаа олон наст ургамал юм. Жишээ нь энд 2018, 2019 онд тарьсан үр одоо нахиалаад эхэлж байна. 


-Дэрвэгэр жиргэрүү нь тарьснаас хойш хэдэн жилийн дараа ургацаа өгөхөд бэлэн болох вэ?


-Манай компанийн туршлагаас харахад, тарьсныхаа дараа дөрвөн жилийн дараа ургац хурааж эхэлж байна. Бид бизнес хийж байгаа тул ашиг орлогоо бодъё гэвэл аль болох бүдүүн ургуулж байж эдийн засгийн үр өгөөж нь их болно шүү дээ. Хөрөнгө, мөнгөө зарчихаад ноднин тарьсан ургамлаа энэ жил нарийхан байхад нь хурааж авч болохгүй. 


-Ургац хураахад техник хэрэгсэл ашигладаг уу?


-Энэ ургамлыг техникээр хурааж болохгүй. 2019 онд үрлэсэн ургамал энэ жил жижигхэн нахиалж байгаа нь харагдаж байна. Эдгээрийн нахиалж гарч ирсэн хугацаа нь харилцан адилгүй учраас үндэс нь бүдүүн, нарийн янз бүр. Тиймээс техникээр хурааж авах ямар ч боломж байхгүй. Техникээр хурааж авах нь мөн байгаль орчинд хор хөнөөлтэй тул хувь хүмүүсээр гар аргаар хураалгаж, кг тутмыг нь үнэлж авдаг. Ургац хураалтын үедээ тогтмол 40-50, зарим үедээ 100 хүнийг ажлын байртай болгодог. 



-Байгаль экологид нэлээд үр өгөөжтэй гэж харж байна л даа. Та энэ талаар илүү дэлгэрэнгүй судалж байв уу?


-Энэ ургамал модтой ижилхэн. Газрын усан сан ч гэж ярьдаг. Учир нь энэ ургамлын үндэс нь газрын хөрсөнд борооны дараах чийгийг цуглуулж, нар гарсан үед эргээд хавь, ойрын ургамлуудыг усан тэжээлээр хангадаг. Тиймээс газрын хөрсний усыг хамгаалж байдаг ашигтай ургамал юм. 


-Дэрвэгэр жиргэрүү хаана, хаана ургадаг вэ. Энэ ургамалд сорт, төрөл гэж бий юу?


-Миний судалснаар, дэрвэгэр жиргэрүүний гурван сорт байна. Нэгдүгээрт, Төв Азийн буюу Сибирээс Дорнод Монголын тал нутагт ургадаг монгол сорт гэж бий. Хоёрдугаарт, баруун Европт бидний иддэг цагаан луувантай төстэйвтэр төрөл байна. Гуравдугаарт, Хятадын Хөх мөрний сав нутгаас урагшаа халуун бүс нутагт ургадаг сорт байдаг юм билээ. Тэдгээрийг харьцуулбал, эмт чанар нь ижилхэн боловч байгаль дээрх харагдах бүтэц шинж нь эрс өөр. 


-МОНГОЛДОО ЭМИЙН ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ ЧИН ХҮСЭЛ-



Талбайд ярилцах зуур Ж.Ариунболд захирал тусгай бэлдсэн төмөр багажаар хөрсийг хөндөж, бидэнд нэг дэрвэгэр жиргэрүүг гаргаж үзүүлэв. Үндсийг нь голоор нь 15 см орчим хувааж гаргаж ирсэн бөгөөд нарийхан, хоёр настай ургамал гэдгийг тайлбарлав. Үндэс нь доороо үлдсэн бөгөөд тодорхой хугацааны дараа дахиж ургана гэдгийг ч дуулгалаа. Гэхдээ хөндсөнийхөө дараа хөрсийг нь сайн нягтаршуулж орхихгүй бол дахин ургахгүй гэдгийг ч сануулаад амжив. Үндсийг нь эмийн найрлагад ашигладаг бол дээд навч, ургамлыг нь хадаж аваад, малын тэжээлд ашиглаж байгаа юм байна. 



Тэрбээр ярихдаа, “Ургамлын навчыг нь идвэл эхүүн амттай. Эхүүн амттай ургамал ямар нэгэн үрэвслийг эмчилж байдаг гэсэн судалгаа байдаг юм билээ. Дэрвэгэр жиргэрүү нь гоньдны төрлийн халуун чанарын ургамал учраас үүнийг идсэн мал өвөл даарахгүй, өлчир болдог. Үндэс нь чихэр өвстэй ижилхэн, чихэрлэг амттай. Үндсээр нь аспирины төрлийн эм гарган авдаг ерөнхий шинжтэй. Аспирин гэдэг эм чинь цусыг шингэлдэг. Ямар нэгэн өвчин цус өтгөрч бөөгнөрснөөс л үүсдэг юм байна. Тиймээс дорно дахины анагаах ухаанд буюу хятад, солонгос, японд эхлээд европын антибиотек хэрэглэж өвчнийг намдаасны дараа ургамлын гаралтай эм хэрэглэж үндсээр нь өвчнийг устгадаг онцлогтой юм билээ” хэмээв. 



Энэ ургамлыг хар тамхины хольцонд ордог гэх яриа мэр сэр бий. Энэ талаар түүнээс тодруулбал, “Манайхан хар тамхины хольцтой гэх зэргээр энэ ургамлыг муу талаас нь, буруу өнцгөөр ойлгодог. Сайн талаас нь хэлж, сурталчлах ёстой хүмүүс ажлаа хийхгүй байна гэж боддог. Үүнд хар тамхины найрлагад ордог нэг ч зүйл байхгүй. Хятад, дорно дахинд хамгийн нэгдүгээрт ханиадны эм болж байна. Нөгөөтэйгүүр, коронавирусийг эмчилсэн хятад эмийн гол найрлагад дэрвэгэр жиргэрүү ороод байна шүү дээ” гэж хариулав. 


Манай улсад дэрвэгэр жиргэрүүг ашиглаж эм үйлдвэрлэх хэд хэдэн судалгааны ажил явагдаж байгаа аж. Тиймээс "Бунд-Овоо" ХХК-ийн ирээдүйн зорилго бол Монгол Улсад эмийн үйлдвэр байгуулбал, түүхий эдээр хангах явдал гэдгийг Ж.Ариунболд захирал тэмдэглэж байв. Тэрбээр, “Тодорхой хэмжээний эм боловсруулж монголынхоо хүн ардын эрүүл мэндийн төлөө ашиглах нь бидний туйлын зорилго. Тиймээс "Бунд-Овоо" ХХК жил бүр талбайгаа нэмээд л байна. Үүнийг байгалийн аргаар тарьж байгаа тул алаг цоог ургана. Жил бүр үр бэлтгэж хоосон талбайг нөхөн сэргээнэ. Үүн дээр хэлэхэд, БОАЖЯ-наас үр бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байгаа юм. Хүсэлтээ өгөөд, жилд 25 кг үр бэлтгэх зөвшөөрөл өгдөг нь учир дутагдалтай юм. Малын тэжээлд боогдож, салхинд хийсэж байгаа зүйлээ тарималжуулж хүн ардынхаа эрүүл энхийн төлөө ашиглана гэдгийг төр засаг бодолцмоор санагддаг юм” хэмээж байв. 



Хүний эрүүл мэнд хийгээд байгаль экологид үр шимтэй ургамлыг тарьж ургуулж байхад дайны хажуугаар дажин гэгчээр хууль бус наймаачдын улбаанд дэрвэгэр жиргэрүү тариалах бизнесийг үгүйсгэх хандлага үргэлж цухалзаж байдгийг тэрбээр учирлаж байв. Хэрэв төрөөс бодлогоор дэмжээд өгвөл эмийн ургамлынхаа төрөл, тоог илүү олон болгож эмийн үйлдвэр, судалгааны төв барих хэмжээнд очих боломжтой, Ж.Ариунболд захирлын мөрөөдөл ч тийм гэв. Тиймээс "Бунд-Овоо" ХХК үүнийг дотооддоо боловсруулж нэг ч гэсэн хүний өвчнийг илааршуулах эм хийх зорилгодоо бат зогсоно гэдгээ хэлж байв. 



Монгол Улсад эмийн ургамал тариалж байгаа компани гарын таван хуруунд багтах уу үгүйтэй цөөн. Тэр утгаараа шинэ салбар бөгөөд хууль, эрх зүйн хувьд ч учир дутагдал гардаг байна. Тухайлбал, төрөөс дэмжиж байгаа бодлого, шийдвэр байхгүй хэрнээ экспортлох үед нь кг тутамд нь 1000 төгрөг, тонн тутамд 1 сая төгрөгийг тэмдэгтийн хураамж нэрийдлээр авдаг аж. Гэтэл төмс, хүнсний ногооноос тонн тутамд 500-600 төгрөг, рапс, үр тарианаас бол бүр огт татвар авдаггүй байна. 


"Хуульд зааснаар, тэмдэгтийн хураамж гэж иргэн, аж ахуйн нэгжид төрөөс үзүүлсэн үйлчилгээний хураамжийг тодорхойлдог. Гэтэл "Бунд-Овоо" ХХК-д эмийн ургамал тариалсан гэж төрөөс нэг ч дэмжлэг, зээл олгож байгаагүй. Тэгсэн мөртлөө төрөөс үйлчилгээ үзүүлсэн гээд тэмдэгтийн хураамж аваад байдгийг ойлгохгүй байгаа" хэмээн тэрбээр эцэст нь хэллээ.


Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ