УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр 2017 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Тогтоолын төслийг УИХ-ын бүх байнгын хороод хэлэлцэн санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд нэгтгэн өгсөн юм. Эдийн засгийн байнгын хороо өчигдөр асуудлыг нэгтгэн хэлэлцэж Үндсэн чиглэлийн төсөлд хийсэн гүйцэтгэлийн аудитын дүгнэлтийг сонссон юм. Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын танилцуулснаар, Үндсэн чиглэлийн төсөлд тусгагдсан зорилт, бодлогын арга хэмжээнүүд нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн, мөн зорилт, бодлогын арга хэмжээнүүдийн хүрэх түвшинг нарийвчлан тодорхойлох шаардлагатай, хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн санхүүжүүлэх эх үүсвэрийг бүрэн тодорхойлоогүй байна гэсэн гурван дүгнэлтийг гаргажээ.
УИХ-ын байнгын хороодын хувьд дараах дүгнэлтийг гаргасан байна. Тодруулбал:
Тогтоолын төслийг УИХ-ын бүх байнгын хороод хэлэлцэн санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд нэгтгэн өгсөн юм. Эдийн засгийн байнгын хороо өчигдөр асуудлыг нэгтгэн хэлэлцэж Үндсэн чиглэлийн төсөлд хийсэн гүйцэтгэлийн аудитын дүгнэлтийг сонссон юм. Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын танилцуулснаар, Үндсэн чиглэлийн төсөлд тусгагдсан зорилт, бодлогын арга хэмжээнүүд нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн, мөн зорилт, бодлогын арга хэмжээнүүдийн хүрэх түвшинг нарийвчлан тодорхойлох шаардлагатай, хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн санхүүжүүлэх эх үүсвэрийг бүрэн тодорхойлоогүй байна гэсэн гурван дүгнэлтийг гаргажээ.
УИХ-ын байнгын хороодын хувьд дараах дүгнэлтийг гаргасан байна. Тодруулбал:
Хууль зүйн байнгын хороо: УИХ-ын гишүүн Ж.Батзандан мөнгө угаах, хүний наймаа, хар тамхины болон цахим гэмт хэрэг зэрэг шинэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг хөрөнгө, санхүүгээр дэмжин ажиллах, мөрдөн шалгах ажиллагааны зардлыг шийдвэрлэх замаар шүүхийн шинжилгээний чанарыг сайжруулах, хууль сахиулах байгууллагын алба хаагчид иргэд, аж ахуйн нэгжид дарамт шахалт үзүүлж байгаад анхаарах, УИХ-ын гишүүн О.Батнасан бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх болон Дотоодын цэргийн тухай хуулийг хэрэгжүүлэх хөрөнгө, санхүүжилт туссан эсэх, Монгол Улсын баруун хил дээр хилийн застав нэмж байгуулах талаар, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар үндсэн чиглэлийг улсын төсөвтэй уялдуулах, түүний хэрэгжих, биөлэлтийн ач холбогдлыг тооцож, хариуцлагатай байх тал дээр анхаарах зэрэг саналыг тус тус гаргасан байна.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо: УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа нар хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилтыг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч, шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах нарийн мэргэжлийн багш нарыг бэлтгэх, тэдний цалин хөлс, урамшууллыг нэмэгдүүлэх, сургалтын тусгай тоног төхөөрөмж, автобустай болгох, эцэг эхийн асаргааны зардал болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэтгэмжийг нэмэгдүүлэх, УИХ-ын гишүүн С.Чинзориг, Л.Энх-Амгалан нар нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх, тэтгэврийн даатгалын тогтолцоог шинэчлэх эрх зүйн орчинг бий болгох, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бизнесийн орчныг сайжруулах, жижиг зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар 45000 ажлын байрыг шинээр бий болгох, Ахмад настны тухай болон Залуучуудын хөгжлийг дэмжих тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг шуурхай авч хэрэгжүүлэх, их дээд сургууль, МСҮТ төгсөгчдөд ур чадвартаа түшиглэн ажлын байр, орлоготой болох гарааны бизнесийн дэмжлэг үзүүлэх, тоног төхөөрөмж лизингээр олгох хөтөлбөр хэрэгжүүлэх, Боловсролын зээлийнсангийн хүртээмжийг нэмэгдүүлэх, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Г.Мөнхцэцэг нар 80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй байгаа сургууль, цэцэрлэгийн барилгуудын дутуу санхүүжилтийг шийдвэрлэн, ашиглалтад оруулах, төрийн болон орон нутгийн өмчит театр, соёлын төв, музей, номын сангийн барилгын нөхцөл байдлыг үнэлж, үйл ажиллагаа явуулах нөхцөлийг сайжруулах, УИХ-ын гишүүн М.Билэгт цэцэрлэгийн асрагч багш нарыг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд бэлтгэх, УИХ-ын гишүүн Н.Учрал инновацийг хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх зэрэг зорилт, хүрэх үр дүн, арга хэмжээг төсөлд нэмэх талаар зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг гаргасныг Байнгын хороо хэлэлцэн шийдвэрлэжээ.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо: УИХ-ын гишүүн Г.Занданшатар макро эдийн засгийг тогтворжуулах, эдийн засгийн өсөлтийг бий болгох гэсэн тогтоолын төслийн хавсралтын зорилт 1.1-ийн хүрээнд БХЯ, ОБЕГ болон Цагдаа хүчний байгууллагууд дотоодын бараа, бүтээгдэхүүн ноосон даавууг худалдан авч дотоодын хэрэгцээгээ хангах, эх оронч үзэлтэй байх, мөн тогтоолын төслийн 17.2-ын шалгуур үзүүлэлтэд яриа хэлэлцээр хийх орны тоо гэсэн бөгөөд яриа хэлэлцээ гэдэг нь гэрээ хэлэлцээр хийхийн өмнөх үйл явц учраас яриа хэлэлцээ эсвэл гэрээ хэлэлцээр гэж өөрчлөх, УИХ-ын гишүүн Н.Энхболд жижиг, дунд үйлдвэр, ноос ээрдэг, боловсруулдаг үйлдвэрүүдийг дэмжих, дотооддоо үйлдвэрлэсэн ноос, ноолууран хувцас хэрэглэлийг хэрэглэх, ашиглах гэсэн саналыг тус тус гаргасан байна. Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Энхболд “гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II дугаар бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах” гэж, УИХ-ын гишүүн Л.Болд “цэргийн сургалт, бэлтгэлийн тогтолцоо, материаллаг баазыг бэхжүүлэх” гэж, “материаллаг нөөцийн тодорхой хувийг шинэчлэх, хадгалах нөхцөлийг бүрдүүлэх, "Цувраажилт" төслийг хэрэгжүүлэх, нөөцийг оновчтой шилжүүлэн байршуулах” гэж нэмж тусгах нь зүйтэй гэсэн саналыг тус тус гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Төрийн байгуулалтын байнгын хороо: Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Занданшатар үндсэн чиглэлийн Зорилт.16.1 дэх хэсгийг “төрийн өмчийн үр ашгийг сайжруулах, хувьчлах үндсэн чиглэл, бодлогыг шинэчлэх” гэж өөрчлөн найруулах, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Зорилт.5-д “Багануурын дулааны цахилгаан станцыг барих ажлыг үргэлжлүүлэх" гэж нэмэх, УИХ-ын гишүүн Б.Батзориг Зорилт.З-т “Монгол ноолуур хөтөлбөр, Жижиг дунд үйлдвэр хувиараа бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр” гэж нэмэх, УИХ-ын гишүүн Н.Энхболд Зорилт.1- д “Хөгжлийн урт хугацааны төлөвлөлт, түүний тогтвортой хэрэгжилтийг хангах тогтолцоог боловсронгуй болгох санал боловсруулж 2018 оны нэгдүгээр улиралд багтаан УИХ-д танилцуулах” гэж нэмэх гэсэн зарчмын зөрүүтэй саналууд гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн байна.
Төсвийн байнгын хороо: Тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Засгийн газар 2018 онд малчдын тэтгэврийн нас, шимтгэл төлөх хугацаатай холбоотой хуулийн хэрэгжилтэд анхаарч ажиллах, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” баримт бичгийн холбогдох заалтууд тусгагдаагүй байгаа болон үндсэн чиглэлийн боловсруулалт, төлөвлөлт хангалтгүй байгаад анхаарах, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Засгийн газар 2017 оны үндсэн чиглэлийн хэрэгжилтэд дүгнэлт хийж, үндсэн чиглэлд тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх саналыг боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэх, мөн Өмнөговь аймгийн Даланзадгад-Гурвантэс чиглэлийн хатуу хучилттай автозамын барилгын ажлыг зорилт, арга хэмжээндээ тусгахад анхаарах, УИХ-ын гишүүн Ч.Улаан Үндэсний хөгжлийн газрын үүрэг, чиглэлийг тодорхой болгож хөгжлийн бодлого боловсруулахад оролцуулах, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар төмөр зам, авто замын салбарт өмнөх онуудад үүссэн буруу бодлогыг үргэлжлүүлэхгүй байх, үүнд Төсвийн байнгын хороо хяналт тавьж ажиллах нь зүйтэй гэсэн саналыг тус тус гаргажээ.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо: Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Саранчимэг төслийн 8.2-т “хот, суурин газрын ногоон байгууламжийн нэг хүнд ногдох цэцэрлэгжсэн талбайн хэмжээ” гэж, 8 дугаар зорилтод “Цөлжилтийг сааруулах, газрын доройтлыг бууруулах хүрээнд “Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”, “Ногоон хэрэм”, Ногоон хөгжлийн бодлого зэрэг баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангах” гэсэн заалтыг шинээр нэмж тусгах гэж, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав ойн усан сан бүхий газрын хамгаалалтын дэглэмийг мөрдүүлж, Туул, Сэлбэ, Улиастай голын урсацыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх, уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэн эвдэрсэн газрыг нөхөн сэргээх гэж нэмэх, УИХ-ын гишүүн А.Сүхбат Туул голд усан хөв цөөрөм барих, алтны бичил уурхайг дэмжихгүй байх гэж, УИХ-ын гишүүн Б.Батзориг “Монгол ноолуур” хөтөлбөр хэрэгжүүлэх талаар 2018 оны үндсэн чиглэлд тусгах, жижиг дунд үйлдвэрлэл, хувиараа бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрт 100 тэрбум төгрөг тусгах гэж, УИХ-ын гишүүн О.Батнасан хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг эрчимжүүлж, бүтээгдэхүүний чанар, ашиг шимийг нэмэгдүүлэх зорилтыг нэмэх, нийслэл, орон нутгийн мал аж ахуйн салбарын нэгжийг чадавхижуулахад 12 тэрбум төгрөг нэмэх гэж, УИХ-ын гишүүн М.Билэгт жилд 30 сая хүртэлх малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, малын гаралтай түүхий эд, түүгээр хийж буй бэлэн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх замаар мал аж ахуйн салбарын бодит өсөлтийг 10-12 хувьд хүргэх гэж төсөл тусгах зэрэг санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Ингээд дээрх байнгын хороодын санал дүгнэлтийг нэгтгэн Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэж, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Чуулганы нэгдсэн хуралдаанаар мөн байнгын хорооны дэмжсэн болон дэмжээгүй санал тус бүрээр санал хураалт явуулж байгаа юм.
Үдээс өмнөх хуралдааны төгсгөлд гишүүдийн ирц хангалтгүй байснаас асуудлыг үдээс хойш үргэлжлүүлэн хэлэлцэхээр болж, хуралдааныг 15.00 цаг хүртэл завсарлууллаа.
Н.Туяа