Францын шинэ сайд нарын тал хувь нь эмэгтэйчүүд боллоо

Дэлхийд | Улс төр
dorjkhand@montsame.mn
2017-05-18 08:48:49
ПАРИС. /ВВС/. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон амласан ёсоороо хүйсийн тэнцвэртэй засгийн газрыг байгууллаа. Тус улсын шинэ засгийн газрын 22 сайдын 11 нь эмэгтэй хүн байна.

Ерөнхийлөгч Э.Макрон Батлан хамгаалахын сайдаар Сильви Гуларыг, Спортын сайдаар туялзуур жадны Олимпын аварга Лаура Футселийг томилжээ.

Эдийн засгийн сайдаар Бруно Ле Мэр, Дотоод хэргийн сайдаар Жерар Коломб, Хуульзүйн сайдаар Франсуа Байру томилогдсон байна.

Э.Макроны улс төрийн бүх намыг хамруулсан засгийн газрыг бүрдүүлэх шийдвэр нь Францын барууны хүчнийхний дунд бужигнаан үүсгэсэн аж.

Эдийн засгийн сайдаар томилогдсон ноён Ле Мер нь консерватив үзэлтэй, Лион хотын даргын албан тушаалыг хашиж байгаад Дотоод хэргийн сайдаар томилогдсон Ж.Коломб нь Социалист намын гишүүн бол Хуульзүйн сайд Ф.Байру нь төвч үзэлтэй нэгэн юм.

Э.Макрон хэдийгээр хүйсийн тэнцвэртэй засгийн газрыг байгуулсан боловч гол таван яамны ердөө нэгийнх нь тэргүүнээр, тодруулбал Батлан хамгаалахын сайдын албан тушаалд эмэгтэй хүнийг томилжээ.

Өмнөх Ерөнхийлөгч Франсуа Олландын үед Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Жан-Ив Ле Дрианыг Гадаад хэргийн сайдаар, алдартай байгаль хамгаалагч Николя Юло-г Экологийн сайдаар томилсон байна.

Мөн Агнес Бузиныг Эрүүл мэндийн, Мюриэль Пенико-г Хөдөлмөрийн, Мунир Мажуби-г Дижитал асуудал эрхэлсэн сайдаар томилсон бол Франсуаз Ниссенийг Соёлын, Жан-Мишель Бланкерыг Боловсролын, Жак Мезардыг Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар тус тус томилжээ.
Г.Доржханд
 
 
Холбоотой мэдээ