АНУ Өмнөд Хятадын тэнгис рүү байлдааны хөлөг онгоц илгээнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭВАШИНГТОН. /Sputnik/. Өмнөд Хятадын тэнгист эргүүл хийхээ Пентагон даваа гарагт зарлав. Вашингтон, Бээжин хоорондын түгшүүртэй байдал улам хурцдаж буй энэ үед АНУ-ын тэнгисийн цэрэг Хятадын далайн хилээс 22 км зайд түрэмгий алхам хийх гэж байна.
Өнгөрсөн сард Пентагоны зарим удирдлага Өмнөд Хятадын тэнгис рүү цэргийн хөлөг онгоц илгээх санааг цухалзуулж байсан юм. Бээжингээс Спратли арлуудын орчимд хиймэл арал барьж буйг эсэргүүцэж, тэдгээр арлаас 22 км зайтай газар эргүүл хийнэ гэж АНУ-ын тэнгисийн цэргээс мэдээллээ.
“Олон улсын хуулиар зөвшөөрсөн хаана ч АНУ ниснэ, хөвнө, үйл ажиллагаа явуулна” хэмээн АНУ-ын Батлан хамгаалах яамны нарийн бичгийн дарга Эш Картер өнгөрсөн сард хэвлэлийн бага хурал дээр хэлж байсан юм. Тэгвэл даваа гарагт тэр шийдвэр тун удахгүй хэрэгжихийг мэдэгдээд байна. АНУ-аас “USS Lassen” эскадрын мина тээгч хөлөг онгоцыг 24 цагийн дотор тус арлуудын ойролцоох Хятадын усанд эргүүл хийхээр, бусад улсын барьсан хиймэл арлыг илрүүлэхээр илгээх гэж байна.
Хятад улс хэд хэдэн удаа АНУ-д түрэмгий үйлдлийн талаарх анхааруулга өгсөн байна. Энэ сарын эхээр Хятадын Гадаад хэргийн яамнаас “холбогдох талууд өдөөн хатгалгын шинжтэй үйлдэл хийхгүй байх, бүс нутгийн энх тайвныг хариуцлагатай хадгалах”-ыг сануулжээ.
Х.Аминаа