Тавдугаар сарын 01-ний дотор бүх тендерийг зарлаж дуусгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-04-19 18:17:40
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2016 оны бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан тухай тайлан, үнэлгээний дүнг Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.
 
Үүнтэй холбогдуулан:
 
-  Илэрсэн зөрчил, дутагдалд дүн шинжилгээ хийн, зөрчлөө давтан гаргахгүй байх, энэ онд бараа, ажил үйлчилгээ худалдан авах тайлангийн үнэлгээнд хангалттай буюу түүнээс дээш үнэлгээ авсан байх
 
-  Энэ онд бүх сонгон шалгаруулалтыг цахимаар зарлах
 
-  Урсгал төсвийн болон хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг тавдугаар сарын 01-ний дотор бүх тендерийг зарлаж дуусгах, зургадугаар сарын 15-ны байдлаар шалгаруулалтыг дүгнэж дуусган гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж ажлыг нь эхлүүлэх, энэ өдрөөс хойш гэрээ байгуулахгүй байх зэргийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болголоо.
 
Улсын наадмын төсвийг 2.1 тэрбум төгрөгөөр батлав

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг 2 тэрбум 107 сая төгрөгөөр баталж, Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад зөвшөөрлөө.
 
Наадмын төсвийн гүйцэтгэл, үр дүнд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга У.Хүрэлсүхэд даалгалаа.
Холбоотой мэдээ