Япон Улсын Миязаки, Фүкүока, Ойта мужаас Улаанбаатарын чиглэлд шууд нислэг үйлдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2025-08-18 08:11:22

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Японы аялал жуулчлалын Табиризм компанийн санаачилгаар долоодугаар сарын 28-наас наймдугаар сарын 9-ний хооронд Миязаки, Фүкүока, Ойта мужаас Улаанбаатарын чиглэлд шууд нислэг үйлдэв.


Хүннү Эйр компанийн үйлдсэн уг нислэгээр дээрх гурван мужаас нийт 260 гаруй япон жуулчин төлөвлөсөн хөтөлбөрийн дагуу монгол орноор аялав. Жуулчид гэрт байрлан эртний нийслэл Хархорин хотоор 5-6 хоногоор аялан, монгол орны өргөн уудам нутаг, үзэсгэлэнт байгаль, нүүдэлчийн ахуй соёлтой танилцсан ба аяллыг зохион байгуулагч Табиризм компани энэ оны отгон аялагчдадаа зориулан хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулсан юм.


Монгол Улсаас Япон Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан энэ үеэр хоёр орны аялал жуулчлалыг хөгжүүлэхэд санаа тавьж буй гадаад дотоодын төр, хувийн хэвшлийн бүх байгууллагыг дэмжин ажиллахаа илэрхийллээ. Монгол Улс, Япон Улсын хооронд Соёлын харилцаа тогтоосны 50 жилийн ой, Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан энэхүү шууд нислэгийг зохион байгуулсан гэж тус улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ.


 

Холбоотой мэдээ