ЕАБХАБ Туркийг шүүмжлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-04-18 09:42:42
АНКАРА. /NHK/. Өнгөрсөн ням гарагт бүх нийтийн санал асуулга явуулсантай холбогдуулан  Турк улсыг Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын /ЕАБХАБ/ ажиглагчид шүүмжиллээ.

ЕАБХАБ-ын Ардчиллын хүрээлэн ба Хүний эрхийн газар болон Европын зөвлөлийн парламентын Ассамблей Туркийн эрх баригчдыг шүүмжилсэн агуулга бүхий хамтарсан мэдэгдлийг өчигдөр гаргасан байна.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, тодруулбал парламентын тогтолцоог ерөнхийлөгчийн тогтолцоогоор сольж, ерөнхийлөгчийн эрх мэдлийг өргөжүүлэх эсэхийг шийдвэрлэх бүх нийтийн санал асуулга Турк улсад болсон билээ.

Тус улсын СЕХ-ны мэдэгдсэнээр, санал асуулгад оролцогчдын 51.4 хувь нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжжээ.

Харин ЕАБХАБ-ын ажиглагчдын ахлагч Тана де Зулуета хэлэхдээ  “сонгогчдод өөрсдийнхөө зөв гэдгийг нотлох адил тэгш боломжийг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцэгчдэд олгоогүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжихийг уриалсан нэвтрүүлэг түлхүү гарч байсан. Эсэргүүцсэн агуулга бүхий мэдээ мэдээлэл бэлтгэсэн сэтгүүлчдийг баривчилж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хааж байсан” гэв.

Мөн СЕХ-ныхон албан ёсны тамгагүй саналын хуудсуудыг тоолох шийдвэр гаргасанд гайхаж байгаагаа ажиглагчид илэрхийлсэн байна.

Ийм шүүмжлэлийн хариуд Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдэхдээ “туркчууд ЕАБХАБ-ын ажиглагчдын тайлан мэдээллийг сонсохгүй, харахгүй, хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
Г.Доржханд


 

Холбоотой мэдээ