Бага унтдаг хүмүүс ханиад амархан хүрдэг байж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 12:53:10

ВАШИНГТОН. /KAZINFORM/. Шөнө зургаа буюу түүнээс бага цаг унтдаг хүмүүс ханиад амархан хүрдэг байж магадгүй гэж АНУ-ын судлаачид хэллээ.

АНУ-ын “Sleep” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайлан нь нойр бидний эрүүл мэндэд ямар чухал болохыг нотлон харууллаа.

“Хангалттай унтаж амарч чадахгүй байх нь эрүүл мэндэд маш сөрөг нөлөөтэй” гэж АНУ-ын Калифорнийн их сургуулийн сэтгэцийн эмгэг судлалын дэд профессор, судалгааны багийн ахлагч Арик Пратер хэлэв.

Уг судалгаанд оролцсон насанд хүрсэн 164 хүнийг эмчийн үзлэгт хамруулж, тэднээс ярилцлага болон санал асуулга авсан байна. Судалгаа хоёр сар үргэлжилжээ.

Шөнөдөө зургаа хүрэхгүй цаг унтдаг хүмүүсийг долоогоос дээш цаг унтдаг хүмүүстэй харьцуулахад ханиад хүрэх магадлал 4.2 дахин илүү байсан бол тав хүрэхгүй цаг унтдаг хүмүүс ханиад хүрэх магадлал 4.5 дахин өндөр байжээ.

Нойр бидний эрүүл мэндэд чухал болохыг судлаачид эртнээс мэдэгдсээр ирсэн юм. Сайн унтаж амарч чадаагүйн улмаас ужиг өвчин тусч, дархлаа сулран өвчинд өртөмтгий болж, тэр ч байтугай цаг бусаар нас барах эрсдэл нэмэгддэг байна.

 Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд