"Залуу малчдаа дэмжих аян" Дархан-Уул аймаг хүрээд өндөрлөв

Орон нутагт | Дархан-Уул
norovsambuu@montsame.mn
2017-03-29 23:49:41

Дархан-Уул /МОНЦАМЭ/ УИХ-ын гишүүн Д.Гантулгын санаачилж эхлүүлсэн "Залуу малчдаа дэмжих аян"-ны хаалт Дархан-Уул аймагт болов.

Эрхэм гишүүний санаачилсан уг аян өндөрлөсөнтэй холбогдуулж хийсэн хэвлэлийн бага Дархан хотын “Гэр өргөө”-нд болсон юм. УИХ-ын гишүүн Монголын Морин Спорт Залуу Уяачдын Холбооны тэргүүн Д.Гантулга аян өндөрлөсөн тухай мэдээллийг хэвлэлийн бага хуралд ирсэн сэтгүүлчдэд хийлээ. Тэрбээр хийсэн мэдээлэлдээ: "Бид аянаа 21 аймагт бүгдэд нь хүрч дуусгах ёстой байсан ч Сүхбаатар аймагт хорио цээр тогтоосны улмаас 20-н аймагт биечлэн хүрч ажиллаа. Манай ажлын багийн бүрэлдэхүүн маань 19 хүнтэйгээр хорин аймагт очиж “Залуу малчдын зөвлөгөөн”, Төгсөх ангийн сурагчдын уулзалт”, мөн оюутан, төрийн албан хаагчидтай уулзалт хийж тэдний өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг сонслоо. Төслийн багийн гишүүд маань салбар салбараараа хуваагдаж орон нутгийн иргэдэд мэдээлэл өгч чадлаа. Аяны санхүүжилтийн тухайд төсвөөс нэг ч төгрөг зарцуулаагүй, өөрийн удирддаг гурван ТББ болон хувь хүн, найз нөхдийн тус дэмжлэгээр санхүүгийн асуудлаа зохицуулж энэ ажлыг амжуулсандаа баяртай байна. Бидний энэ ажлыг очсон газар бүхэнд дэмжиж халуун дотноор хүлээн авч байсан бүх хүмүүст талархаж байна” гэв.

Уг хэвлэлийн хуралд Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат оролцож баяр хүргэж үг хэллээ. Аяны хүрээнд Монгол улсын 20 аймгийн нутгаар нийт найман мянга гаруй км зам туулж 108 удаагийн уулзалтаар 30 гаруй мянган иргэдтэй 150 гаруй цаг уулзаж УИХ, Засгийн Газрын шийдвэрийг танилцуулсан бол 20 аймгийн 20 залуу малчинд тус бүр 50 төлөг авах батламж гардуулжээ. Энэхүү 1000 төлөгийг ирэх сарын дундуур тус ажлын хэсгийнхэн аймаг бүрт нь очиж гардуулах юм байна. 

                                                                                                                                                    Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ