К.Ледеки ДАШТ-ээс 22 дахь алтан медалиа хүртжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-07-31 09:07:28

СИНГАПУР, 2025 оны долоодугаар сарын 30 /CNN/. Америкийн усанд сэлэлтийн тамирчин Кэти Ледеки Сингапурт болж буй ДАШТ-ий 1500 м-ийн чөлөөт сэлэлтийн төрөлд түрүүлжээ. Ингэснээр тэрбээр усан спортын ДАШТ-ээс 22 дахь алтан медалиа хүртэж, нийт медалийнх нь тоо 28-д хүрсэн байна.


Олимпын есөн удаагийн аварга К.Ледеки мягмар гарагт болсон тэмцээний үеэр 2018 онд өөрийн тогтоосон дэлхийн дээд амжилтаа эвдэх төлөвтэй байсан боловч 15:26.44 минутад барианд орсноор өмнөх амжилтаасаа зургаан секундээр хоцорчээ.


Харин Италийн тамирчин Симона Куадарелла 15:31.79 минутын амжилтаар хоёрдугаарт орсон бол Австралийн сэлэгч Лани Паллистер 15:41.18 секундээр гуравдугаар байрт шалгарсан байна.


К.Ледеки Сингапурт болж буй ДАШТ-д тэмцээнд оролцохдоо маш бэлтгэлтэй байсан бөгөөд тавдугаар сард 800 м-ийн чөлөөт сэлэлтийн амжилтаа эвдэж, дөрөвдүгээр сарын сүүлчээр 1500 м-ийн зайд хоёрдугаарт бичигдэх шилдэг амжилтаа үзүүлээд байв.


Өдгөө 28 настай тэрбээр өнгөрсөн ням гарагт 400 м-ийн чөлөөт сэлэлтийн төрөлд Канадын өсвөрийн тамирчин Саммер Макинтошоос хоцорч, хүрэл медаль хүртсэн боловч тамирчныхаа замналынхаа туршид илт илүүрхэж ирсэн 1500 м-ийн чөлөөлт сэлэлтийн финалд түрүүлсэн нь энэ юм.


Усанд сэлэлтийн спортын түүхэнд хамгийн олон медаль хүртсэн эмэгтэй тамирчин болох К.Ледеки өдгөө Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс нийт 42 медаль хүртсэний 31 нь алтан медаль ажээ. 

Холбоотой мэдээ