Европын улсууд SAFE-ийн хүрээнд 127 тэрбум долларын зээлийн хүсэлт ирүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-07-31 16:02:33

БРЮССЕЛЬ, 2025 оны долоодугаар сарын 31 /DW/. Европын Холбооны гишүүн 18 улс батлан хамгаалах салбарын хөрөнгө оруулалтын хамтарсан хөтөлбөрийн (SAFE, Security Action for Europe) хүрээнд 127 тэрбум долларын зээл авах хүсэлтээ ирүүлжээ.


Европын Комиссын /ЕК/ мэдээлэлд дурдсанаар, ийм хүсэлт ирүүлснээр эрэлтийг үнэлэх, хөрөнгийн зах зээлээс хөрөнгө татахад бэлтгэх боломжтой.


SAFE-ийг маш ихээр сонирхож байгаа нь аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарт Европын Холбооны гишүүн орнууд үзэл баримтлалын хувьд нэгдмэл байгааг харуулж байна гэж тус холбооны батлан хамгаалахын асуудал эрхэлсэн комиссар Андрюс Кубилюс мэдэгдлээ.


ЕК-ын мэдээлэлд дурдсанаар, Бельги, Болгар, Чех, Эстони, Грек, Испани, Франц, Хорват, Итали, Кипр, Латви, Литва, Унгар, Польш, Португал, Румын, Словак, Финланд улсууд SAFE хөтөлбөрийн хүрээнд зээл авах хүсэлтээ илэрхийлсэн байна. Албан ёсны хүсэлтээ ирүүлэх эцсийн хугацаа нь 2025 оны 11 дүгээр сарын 30 юм.  


ЕХ-ны зөвлөлөөс тавдугаар сарын 27-нд гаргасан хамтарсан мэдэгдлийн хүрээнд нийт 150 тэрбум долларын хөрөнгө бүхий батлан хамгаалахын SAFE санг байгуулах шийдвэрийг гаргажээ. “Үүний зорилго нь үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шаардлагатай үед цэргийн техник тоног төхөөрөмжөөр хангах, батлан хамгаалах чадавхид гарсан “хоосон орон зай”-г нөхөх явдал бөгөөд ингэснээр ЕХ-ны батлан хамгаалах чадавхийг ерөнхийд нь бэхжүүлэх болно” гэж дээрх мэдэгдэлд дурдсан байна.


Үүнээс гадна Оросын түрэмгийллээс өөрийгөө хамгаалж буй Украинд туслах боломжийг SAFE хөтөлбөр олгох ажээ. Уг хөтөлбөрийг ЕК энэ оны гуравдугаар сарын сүүлчээр танилцуулсан бөгөөд урт хугацаандаа ЕХ-ны гишүүн орнуудыг зэвсэглэлээр хангах зорилгоор 800 тэрбум долларыг татан төвлөрүүлэх ажээ. Энэ нь батлан хамгаалахын салбарт АНУ-аас хамааралт байдлыг бууруулахад чиглэсэн Европын орнуудын эрмэлзэлтэй холбоотой.  

Холбоотой мэдээ