ХОВД: Хонины арьс нэхийг үнэд хүргэх боломж бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-07-31 11:18:31

Жаргалант, 2025 оны долоодугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Зах зээлд хямд үнэтэй байгаа хонины нэхий, ноосыг үнэд хүргэх, бүтээгдэхүүн хийж өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломж малчдад бий.


Ховд аймгийн Дарви, Чандмань сумын малчдын бүлэг, нөхөрлөлийн гишүүд сүүлийн 6-7 жилийн хугацаанд зах зээлд хямд байгаа хонины нэхийг уламжлалт арга технологиор боловсруулан элдэж худалдах, дээл урлах зэргээр нэмүү өртөг шингээн үнэд хүргэж байна. Тухайлбал, мянган төгрөгийн үнэтэй хонины нэхийг боловсруулж элдээд 30 мянган төгрөгөөр, дээл урлахад 500-800 мянган төгрөгөөр борлуулах боломжтой.


Мөн онцлоход, Дарви суманд үйл ажиллагаа явуулж буй "Сутайн сувд" цех өдөрт 200 орчим арьс нэхий боловсруулж байна. 
2022 онд тус цехийг байгуулснаар гурван хүн ажлын байртай болсон төдийгүй боловсруулсан арьсаа ашиглан машины суудал, ханцуйвч гэх мэт 7-8 төрлийн бүтээгдэхүүн хийж, дунджаар 35-40 мянган төгрөгөөр борлуулж, орлогоо нэмэгдүүлж байгаа юм.

Түүнчлэн эсгийгээр хийсэн бүтээгдэхүүнийг Ховдын брэнд болгох хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж олон бий. 

Хонины ноосыг боловсруулж эсгий гутал, цүнх, бусад жижиг хэрэглээний бүтээгдэхүүн хийж зах зээлд нийлүүлэхдээ өдөр тутмын болон уламжлалт, орчин үеийн чиг хандлагыг дагасан загвар хийцийг харуулж буй.

Ховдынхон эсгийгээр хийсэн бүтээгдэхүүнээ аймгийн төвд байрлах “Ховдод үйлдвэрлэв” дэлгүүр болон бусад цэгт худалдаж байна.


Баруун бүсийн хөгжлийн тулгуур төв болсон Ховд аймаг цаашид газар тариалан болон малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлд тулгуурласан “Үйлдвэрлэл, технологийн парк” барих зорилт дэвшүүлсэн. Уг ажил 50 гаруй хувьтай үргэлжилж байна.

Энэ ажил хэрэгжсэнээр зах зээлд хямд байгаа малын арьс, нэхий, бусад бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, малчид, орон нутгийн иргэд амьжиргаагаа дээшлүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх боломж өргөжих юм. 

Холбоотой мэдээ