Нүкага Фүкүширо: Хоёр орны парламентын хамтын ажиллагаанд шинэ хуудас нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-31 11:13:59

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн Танхимын дарга Нүкага Фүкүширотой албан ёсны уулзалт хийсэн тухай УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


Энэ сарын 29-нд болсон тус уулзалтын эхэнд ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий манай чухал “гуравдагч хөрш”, Тусгай стратегийн дотно түнш Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Их Хурал ач холбогдол өгч, онцгойлон чухалчилдгаа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцолсон байна. Тэрбээр, манай улс дахь ардчиллыг баталгаажуулж, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийн дэмжихэд Япон Улсын Засгийн газар, Японы ард иргэд тууштай дэмжиж ирсэнд гүн талархалтай байдгаа илэрхийлжээ.


Түүнчлэн шинээр бүрэлдсэн парламентын баримталж буй стратеги төлөвлөгөө, хууль, эрх зүйн шинэчлэлийн “Гурван төгөлдөршил” бодлогын талаар танилцуулсан байна. Монгол Улсад 2026 онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17-р бага хурал зохион байгуулах бөгөөд УИХ-аас Олон Улсын Парламентын Холбооны Тогтвортой хөгжлийн байнгын хорооны дэргэд Газрын доройтол, цөлжилтийн асуудлаар зөвлөх байгууллага байгуулах санаачилга дэвшүүлэхээр ажиллаж буй учраас уг санаачилгыг Японы парламент идэвхтэй дэмжинэ гэдэгт итгэж байгаагаа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцолжээ. 


Япон Улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Нүкага Фүкүширо Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Монгол Улсад айлчилсан нь манай хоёр орны харилцаа хамтын ажиллагаа, ард иргэдийн ойр дотно нөхөрлөлийг улам бүр хөгжүүлж байгааг онцлон тэмдэглэсэн байна. Монгол Улс, Япон Улс бол эдийн засаг, дипломат, аюулгүй байдлын салбарт нэгдмэл эрх ашгийг эрмэлздэг бөгөөд тус уулзалтаар хоёр орны парламентын хамтын ажиллагаанд шинэ хуудас нээж буйг тэмдэглэжээ.




Холбоотой мэдээ