Израил, Палестин хоёр улс зэрэгцэн орших шийдлийг дэмжсэн тогтоолыг баталжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК, 2025 оны есдүгээр сарын 14 /NHK/. Израил, Палестин хоёр улс зэрэгцэн орших шийдлийг хэрэгжүүлэх тухай Нью-Йоркийн тунхаглалыг сайшаан дэмжсэн тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей баталжээ.
Уг тогтоолыг батлахыг НҮБ-ын 142 гишүүн дэмжсэн бол 12 гишүүн түдгэлзэж, АНУ, Израил зэрэг 10 улс эсэргүүцсэн санал өгсөн байна.
Хоёр улс зэрэгцэн орших шийдлийг хэрэгжүүлэх асуудлаарх дээд түвшний бага хурлыг өнгөрсөн долоодугаар сард хамтран даргалсан Франц, Саудын Араб улсууд энэхүү тогтоолыг өргөн барьсан байна. Эл бага хурлын үеэр Нью-Йоркийн тунхаглалыг баталжээ.
Хоёр улс зэрэгцэн орших шийдэл бол “израилчууд, палестинчуудын аль алиных нь хууль ёсны хүсэл эрмэлзлийг хангах цорын ганц арга зам мөн” гэж тогтоолд дурджээ. Уг Баримт бичигт мөн Газын зурвасыг захирахаа зогсоож, Палестины засаг захиргаанд зэвсгээ хураалгахыг ХАМАС бүлэглэлээс шаардсан бол, Израилд хандан “Палестины эзлэгдсэн газар нутагт тэр дундаа Зүүн Иерусалимд” суурин барих, газар нутгийг өөртөө нэгтгэх бүх үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан байна.
НҮБ-д суугаа Израилын Байнгын төлөөлөгч Дани Данон санал хураалт явуулахын өмнө хурц шүүмжлэлтэй үг хэлжээ. Тэрбээр хэлэхдээ, нэг талыг баримталсан энэ тунхаглал энх тайвныг цогцлоох алхам гэж дурсагдахгүй. Энэ бол дипломат арга зам биш, энэ бол жүжиг. Үүнээс ганцхан ХАМАС л хожно” гэжээ.
АНУ-ын төлөөлөгч мэдэгдэхдээ, “гагц ХАМАС-ыг зоригжуулж, энх тайван тогтоох үйл явцыг сүйтгэлээ” гэсэн байна.
Хоёр улс зэрэгцэн орших шийдлээр энх тайван тогтоох асуудлаарх НҮБ-ын дээд түвшний бага хурал есдүгээр сарын 22-нд болно. Уг хурлын үеэр Франц зэрэг зарим гишүүн орон Палестин улсыг хүлээн зөвшөөрснөө зарлах төлөвтэй байна.