Африкийн Холбоо-Европын Холбооны дээд түвшний уулзалт Луанда хотод эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-11-24 10:00:01

ХАРАРЕ, 2025 оны арваннэгдүгээр сарын 24 /Angop/. “Африкийн Холбоо-Европын Холбоо” дээд түвшний VII уулзалт Анголын Луанда хотод өнөөдөр эхэлнэ.


Энэ удаагийн уулзалтаар аюулгүй байдал, хөрөнгө оруулалт, цагаачлалын асуудлыг хэлэлцэнэ гэж форумын албан ёсны төлөөлөгч, Анголын Гадаад хэргийн яамны Африк, Ойрх Дорнод, бүс нутгийн байгууллагуудын газрын захирал Хорхе Кардосо мэдээллээ.


“Африкийн 28, Европын 14 улсын удирдагчид форумд оролцоно гэдгээ мэдэгдсэн” гэж тэрбээр хэлснийг Angop агентлаг уламжилсан байна. 


Африкийн Холбооны Байнгын төлөөлөгчдийн хорооны дарга Мигел Бембегийн мэдэгдсэнээр, энэ удаагийн дээд хэмжээний уулзалт “Африк, Европ хоёр тивд тогтвортой хөгжил, цэцэглэлтийн боломжийг нээж байна” гэжээ.


“Манай хоёр тив энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, олон талт хамтын ажиллагаа, тогтвортой хөгжлийн зарчмуудыг баримтлан ажилладаг. Бид тэгш байдал, хамтын хариуцлагад тулгуурласан тогтвортой, урт хугацааны харилцааг хөгжүүлэхийг эрмэлзэж байна. Энэ бүхнийг "Бидний хүсэж буй Африк" хэмээх Африкийн Холбооны 2063 он хүртэлх хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэх нь чухал” гэж тэрбээр мэдэгдсэн байна. 


Африкийн гол худалдааны түнш-Европын Холбоо


“Үр дүнтэй олон талт хамтын ажиллагаагаар энх тайван ба хөгжил цэцэглэлтийг дэмжих нь” гэдэг нэрийн дор болж буй энэ удаагийн дээд хэмжээний уулзалтыг Анголын тусгаар тогтнолын 50 жилийн ой, Африкийн Холбоо, Европын Холбооны хамтын ажиллагааны 25 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байна. Уулзалтыг Анголын Ерөнхийлөгч Жоау Лоуренсу, Европын Зөвлөлийн дарга Антонио Кошта нар даргалан явуулах ажээ.Уулзалтад мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, АХ-ны Комиссын дарга Махамуд Али Юсуф, Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен нар оролцоно.


Европын Холбооны зүгээс Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Ливи, Мали, Мозамбик, Сомали зэрэг орнуудад иргэний болон цэргийн 12 ажиллагаа явуулж байна. Африкийн гадаад худалдааны гол түнш нь Европын орнууд байдаг бол Африк тив Европын хувьд дөрөв дэх том худалдааны түнш юм. Европын Холбоо нь Африкийн 19 улстай давуу эрхтэй худалдааны хэлэлцээр байгуулсан бөгөөд эдгээр орон Европын 450 сая гаруй хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүнийхээ 90 хувийг татваргүй нийлүүлдэг.


Мөн Европын Холбоо Африкт оруулсан шууд гадаад хөрөнгө оруулалтын хэмжээгээр тэргүүлж байгаа бөгөөд 2023 оны байдлаар нийт 263 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ.


Европын удирдагчид Трампын төлөвлөгөөг хэлэлцэнэ

Европын Холбооны удирдагчид энэхүү уулзалтын үеэр 11 дүгээр сарын 24-нд буюу өнөөдөр Украины асуудлаар яаралтай дээд хэмжээний уулзалт хийнэ. Европын Зөвлөлийн дарга Антонио Коштагийн хэлснээр, оролцогчид АНУ-аас дэвшүүлсэн мөргөлдөөнийг зохицуулах энхийн төлөвлөгөөг хэлэлцэхээр төлөвлөж байна.


Европын Комиссын удирдлагууд, Европын Холбооны хэд хэдэн орны удирдагчид, Их Британи, Норвеги, Канад, Японы төлөөлөгчид АНУ-ын уг төлөвлөгөөнд “нэмэлт боловсруулалт хийх шаардлагатай” гэж мэдэгджээ. Мөн  “ЕХ болон НАТО-д хамаарах заалтуудад холбоотнуудынхаа саналыг харгалзан үзэх”-ийг шаардсан байна.



Холбоотой мэдээ