Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын XVII бага хуралд 10 мянга орчим төлөөлөгч оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-19 08:25:43

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна.


Дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцох тус хурлын үеэр цөлжилт, газрын доройтол, ган, бэлчээр зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй байгаль орчны асуудал, сорил, тэдгээрийг шийдэх арга замыг хэлэлцэх юм. 


Тус хурлыг манай улсад зохион байгуулснаар цөлжилттэй тэмцэх чиглэлийн үйл ажиллагаанд тэргүүлэн оролцож буйгаа харуулах, таниулах боломжийг олгох нь аялал жуулчлал, гадаад хамтын ажиллагаанд эерэг нөлөөтэй. Байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах бодлого, үйл ажиллагааны менежмент арга барилыг таниулах, бусад улсын туршлагаас суралцах боломж юм. Мөн газар, бэлчээрийн зохистой ашиглалт, цөлжилттэй тэмцэх арга барил зэрэг байгаль орчны төсөл, хөтөлбөрүүдэд шинэ хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг авах үүд хаалгыг нээхээс гадна байгаль орчны салбарын олон улсын хамтын ажиллагаа ч өргөжнө. Өөрөөр хэлбэл шинжлэх ухаан, инновац, техник технологийн сайн туршлагыг судлах, мэдлэг солилцох, туршлага хуваалцах, эх орондоо нэвтрүүлэх боломж бүрдэнэ. 


Түүнчлэн, олон улсын зочин, төлөөлөгч, хэвлэл мэдээллийнхэнд монголын түүх, соёл уламжлалыг сурталчлан таниулах, тэр хэрээр аялал жуулчлал, үзвэр үйлчилгээ, тээврийн салбарын эдийн засгийг өсгөнө. Олон улсын хурлын үеэр сайн дурын ажил, соёл, нийгмийн кампанит ажилд иргэд оролцож, түр ажлын байр бий болгох юм. 

Холбоотой мэдээ