МУГТ П.Орхон ДАШТ-ээс хүрэл медаль хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Хорват улсын нийслэл Загреб хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 13-21-нд үргэлжилж байна.
Тэмцээний эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд гавьяат тамирчин,
дэлхийн аварга, Азийн АШТ-ий алт, мөнгөн медальт, Үндэсний шигшээ багийн
тамирчин П.Орхоны хувьд Африкийн АШТ-д гурвантаа түрүүлж, нэг үзүүрлэсэн, U23 ангиллын
ДАШТ-ий хошой хүрэл медальт, Нигери улсын бөх Эстер Омолаёо Колаволийг 6:5-аар
ялснаар хүрэл медаль хүртэж, ДАШТ-ий хоёр дахь медалиа хүртлээ.
Тэрбээр найман жилийн өмнөх тус тэмцээнээс алтан медаль
хүртэж байв. “Загреб-2025” ДАШТ-ий Монголын багийн дөрөв дэх медальтан болж
байна. Мөн түүний энэ амжилт ДАШТ-ээс хүртсэн Монголын чөлөөт бөхийн баг
тамирчдын 83 дахь медаль, 47 дахь хүрэл медаль болов.