Залуусаа сонсох өдөртэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-03-15 17:55:52

Дорнод /МОНЦАМЭ/Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2017 оныг “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгосонтой холбогдуулан аймгийн Засаг дарга “Залуусаа сонсох өдөр”-ийг сар бүрийн 11-ний өдрөөр тогтов.

Энэ сарын уулзалтад Залуучуудын төрийн бус байгууллага, нэгдэл, клубын төлөөлөл оролцлоо. Залуучуудын зүгээс Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эмнэлгийн үйлчилгээг дараалал харгалзахгүй үзүүлэх, тэдэнд зориулсан орц, гарцны асуудлыг шийдвэрлэх, аймгийн хэмжээний шаардлагатай мэдээллийг нэг дороос авах боломжоор хангах, оюутнууд болон их, дээд сургуулийн багш нарын солилцооны хөтөлбөрийг өргөжүүлэх, аймгийн Залуучуудын чуулганыг зохион байгуулах гэхчлэн асуудлыг аймгийн Засаг даргад хандаж тавив. Тэдний тавьсан зарим асуудлыг уулзалтад оролцсон холбогдох, газар хэлтсийн удирдлагууд шууд газар дээр нь шийдэж өгч байлаа. Тухайлбал, биеийн тамир спортын газрын дарга Б.Чимэддорж залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд нь зориулж заал танхимаар үнэ төлбөргүй үйлчлэхээр болов.

Дорнод аймгийн хүн амын 70 шахам хувийг 18-35 насны залуус эзэлдэг. Тийм болохоор тусгайлсан өдөртэй болсон нь тэдний өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд тун сайшаалтай хэрэг гэж залуус талархалтай байлаа.

Б.Туяа

Холбоотой мэдээ