Этиопт нэг өдөрт 700 сая мод тарьжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
АДДИС-АБЕБА, 2025 оны наймдугаар сарын 1 /Anadolu/. Этиоп улс “Ногоон өвийн санаачилга" гэдэг нэртэй мод тарих үндэсний хөтөлбөрийн хүрээнд нэг өдрийн дотор 700 сая модны суулгац тарьсан гэдгээ пүрэв гарагт мэдэгджээ.
Уг санаачилгыг 2019 онд эхлүүлсэн Ерөнхий сайд Абий Ахмед хэлэхдээ, энэхүү хүчин
чармайлт нь зөвхөн нэг удаагийн кампанит ажил биш бөгөөд байгаль орчныг нөхөн сэргээх,
тогтвортой байлгахад чиглэсэн үндэсний соёл болон хувираад байна гэв.
“Ногоон өв одоо
Этиопт соёл болоод байна” гэж А.Абий X хуудсандаа бичээд, тус улс борооны
улирлын сүүлч гэхэд 48 тэрбум мод тарих зорилго тавьснаараа ногоон байгууламж,
нөхөн сэргээлтийн тал дээр дэлхийд тэргүүлэгч орон болж буйг онцлон тэмдэглэжээ.
“Ногоон өв” санаачилга
нь өргөн цар хүрээгээрээ олон улсын анхаарлыг ихэд татсаар ирсэн бөгөөд дипломатчид
болон гадаадын орнуудын удирдагчид үйл ажиллагаанд нь жил бүр оролцдог. Сүүлийн гурван өдрийн
хугацаанд НҮБ-ын Хүнсний асуудлаарх дээд хэмжээний уулзалтад оролцож буй төрийн
тэргүүн нар болон төлөөлөгчид мод тарихад нэгджээ. Тэдний дунд Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони, Кенийн Ерөнхийлөгч Уильям Руто,
Сомалийн Ерөнхийлөгч Хассан Шейх Мохамуд нар байв.
“Тарьж ургуулан сэргэн мандлыг авчиръя” уриан дор явагдсан энэ удаагийн арга хэмжээнд гадаадын дипломатчид, бизнесийн салбарын төлөөлөгчид мөн оролцсон байна. Итали, Данийн Элчин сайдын яамдын ажилтнууд энэхүү кампанит ажлыг байгаль орчноо хамгаалах үйл хэрэгт үлгэр жишээ болж байна хэмээн үнэлжээ. Этиопын ард түмэнтэй найрсаг харилцаатай байгаагийн илэрхийлэл болгож бид бүхэн энд хүрэлцэн ирсэндээ баяртай байна гэж Этиоп дахь Италийн Элчин сайдын яамны худалдааны төлөөлөгч Клаудио Паскуалуччи төрийн мэдлийн ENA агентлагт ярилцлага өгөх үеэрээ хэлсэн байна.
Этиоп бол хөрсний
элэгдэл, хур тунадасны жигд бус байдал, биологийн олон янз байдал алдагдах зэрэг уур
амьсгалын өөрчлөлттэй холбоотой бэрхшээлүүдтэй тулгарч буй Африкийн орнуудын нэг юм.