ХӨВСГӨЛ: Амарч яваад могойд хатгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-08-01 14:02:42

Мөрөн, 2025 оны наймдугаар сарын 1 / МОНЦАМЭ/. Хатгал тосгоны Жанхай орчимд амарч явсан иргэн могойд хатгуулж яаралтай дуудлагаар Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгджээ.


Бамбай хоншоорт могой нь Монгол орны Ховд, Архангай, Өмнөговь, Дорноговийн нутгаар элбэг тархацтай, хортой могой юм.

Ихэвчлэн хад асгатай газраар амьдардаг,  70 орчим см урттай, ерөнхий зүс хул шарга юм уу хар хүрэн өнгөтэй, өнгө нь маш хувирамтгай.


Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын Жанхай орчимд бамбай хоншоорт могой анх удаа үзэгдэж байгаа бөгөөд  ихэвчлэн иргэд, амрагчдын автомашины мотор болон тээшээр дамжин зөөвөрлөгддөг байна.


Иймд иргэд, амрагч, аялагч та бүхэн ой мод, бут сөөг асгатай газар явахдаа урт түрийтэй гутал, өмд, савхин бээлий өмсөх бага насны хүүхдийг хараа хяналтгүй өвслөг газар орхихгүй байх гадаа хоноглох бол майхныг газар дээр сайн шалгаж байршуулах хэрэгтэй.  

Хэрэв могойтой таарсан тохиолдолд  огт хүрч болохгүй, аль болох чимээгүй холдох,  могойг цочоох, уурлуулах үйлдэл хийхгүй байж Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалтын  захиргааны 8839-0405 дугаарын утсанд холбогдож мэдээлэхийг зөвлөж байна.

 

 

 

 

Холбоотой мэдээ