Майкрософтын хувьцааны ханш 560 долларт хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-08-01 08:31:49

НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 1 /DW/. Майкрософт компанийн зах зээлийн үнэлгээ пүрэв гарагт 4 их наяд ам. доллароос давснаар энэ амжилтыг давтсан дэлхий дээрх хоёр дахь компани боллоо.  


Лхагва гарагт улирлын тайлангаа танилцуулсан тус компанийн хувьцааны ханш түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн байна. Орлогын хэмжээ шинжээчдийн таамаглаж байснаас давжээ. Microsoft Azure үүлэн технологийн платформ бий болсонтой холбоотойгоор борлуулалт эрчимтэй өссөн бол хиймэл оюун ухааны салбарыг хөгжүүлэхэд тус компани 30 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буйг тайланд дурдсан байна.  


Дээрх эерэг үзүүлэлтүүдээс шалтгаалан пүрэв гарагт Нью-Йоркийн хөрөнгийн биржийн арилжаа нээгдэх үед тус компанийн хувьцааны ханш 6,25 хувиар өсөж, нэгж хувьцааны үнэ 560 долларт хүрсэн байна. Харин Берлиний цагаар 17:00 цагт уг ханш 535 доллар болж буурснаар Майкрософтын зах зээлийн үнэлгээ 3 их наяд 980 тэрбум доллар болсон байна.


Зах зээлийн үнэлгээний 4 их наяд гэдэг босгыг түүхэнд хамгийн анх удаа Америкийн Nvidia компани долоодугаар сарын 9-нд давсан юм. Гуравхан жилийн өмнө 400 тэрбумын үнэлгээтэй байсан тус компани хиймэл оюун ухаанд шаардлагатай график картын процессор үйлдвэрлэх болсноор үнэлгээний хувьд Майкрософтыг гүйцэж түрүүлэн, дэлхий дээрх хамгийн үнэ цэнтэй компани болсон юм. Одоо тус компанийн зах зээлийн үнэлгээ 4,4 их наяд долларт хүрээд байгаа бол хоёрдугаар Майкрософт, гуравдугаарт 3 их наяд 125 тэрбумын үнэлгээтэй Apple компани, дөрөвдүгээрт 2,4 их наядын хөрөнгөтэй Amazon компани, тавдугаарт 2,3 их наядын үнэлгээтэй Alphabet компани тус тус бичигдэж байна. Facebook, Instagram нийгмийн сүлжээнүүдийг эзэмшдэг Meta компани 1,9 их наядын үнэлгээтэйгээр зургаадугаарт жагсжээ.  

Холбоотой мэдээ