Д.Трампын татвар наймдугаар сарын 7-ноос үйлчилж эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-08-01 13:57:50

ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 1/DW/. Зарим улсуудын бараанд шинээр татвар тогтоох тухай зарлигт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зуржээ. Уг баримт бичгийг пүрэв гарагт Цагаан ордны цахим хуудсанд байршуулсан байна.


Хамгийн өндөр татварыг Швейцар /39 хувь/, Сири /41 хувь/, Лаос, Мьянмар /40 хувь/, Ирак /35 хувь/, Энэтхэгээс /25 хувь/ нийлүүлэх бараанд ногдуулсан бол Европын Холбоо /ЕХ/, Япон, Өмнөд Солонгосын бараанд 15 хувийн татвар ногдуулахаар шийдвэрлэсэн байна. Харин жагсаалтад ороогүй улсуудын бараанд 10 хувийн татвар ногдуулах ажээ.


Эдгээр татвар яагаад энэ сарын 1-нээс бус 7-ны өдрөөс үйлчилж эхлэх болсон шалтгааныг Америкийн албан тушаалтнаас лавлахад, шинэ дүрэм журмуудыг нэвтрүүлэхэд цаг хугацаа хэрэгтэй байна гэж хариуллаа. Зарлигт дурдсанаар, энэхүү арга хэмжээ нь “Америкийн ажилчдын эрх ашгийн үүднээс дэлхийн худалдааны бүтцийг шинэчлэхэд” чиглэжээ.


Хэдхэн хоногийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен нар талуудын хооронд худалдааны хэлэлцээр байгуулагдсаныг зарлан мэдэгдсэн билээ. Ингэснээр ЕХ-ны барааг АНУ-д нэвтрүүлэхэд 30 хувийн татвар ногдуулах гэж байсныг цуцалж, 15 хувь болгож бууруулсан юм. Харин ган, хөнгөн цагааны татварыг 50 хувь хэвээр үлдээжээ.  


Хэлэлцээрийн хүрээнд ЕХ-оос АНУ-ын эдийн засагт 600 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээс гадна 750 тэрбум долларын үнэ бүхий эрчим хүчний эх үүсвэрүүдийг Америкаас худалдан авахаар тохиролцсон билээ.   

Холбоотой мэдээ