Алдарт "Nokia 3310" эргэн ирлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИНХЕЛЬСИНКИ. /ВВС/. Техник технологийн салбарын шинэ бүтээлүүдийг танилцуулдаг “Mobile World Congress” арга хэмжээ эхлэхийн өмнөх өдөр буюу өчигдөр алдарт “Nokia 3310” гар утасны шинэчилсэн хувилбарыг танилцууллаа
Бат бөх байдал, цэнэг ба сүлжээ сайн барьдгаараа алдартай энэ гар утсыг 2000 оны есдүгээр сарын 1-нд анх танилцуулж байв. Тэр үеэс хойш дэлхийн хэмжээнд нийтдээ 126 сая гаруй ширхэг борлуулагдаж, борлуулалтаараа дэлхийд тэргүүлэгч гар утаснуудын нэг болжээ. "Nokia" компани 2005 онд энэ гар утсыг үйлдвэрлэхээ зогсоосон юм.
Вэб хөтөчтэй, 79.6 грамм жинтэй шинэ “Nokia 3310”-ыг Финландын “HMD Global” компанийн нэрийн дор борлуулах аж. Тус компани нь Android үйлдлийн системтэй “Nokia” брэндийн хэд хэдэн ухаалаг гар утсыг мөн танилцуулжээ.
“Mobile World Congress” арга хэмжээ өнөөдөр Испанийн Барселона хотноо эхэлсэн байна. Энэ арга хэмжээний үеэр LG, Huawei болон Lenovo зэрэг олон компани шинэ төхөөрөмжүүдээ танилцуулах аж.
Шинэчлэгдсэн “Nokia 3310” нь S30+ үйлдлийн системтэй, 2 мегапикселийн энгийн камертай гэнэ.
“3310” нь ямар ч утаснаас илүү цэнэгээ сайн барьдаагаар алдартай юм. 2.4 инчийн өнгөт дэлгэцтэй шинэчлэгдсэн “3310” нь байнга ашиглаж ярих тохиолдолд цэнэгээ 22 гаруй цаг барих бол цэнэглэчхээд ашиглахгүй байх тохиолдолд бүтэн нэг сар цэнэгээ барих ажээ.
Шинэ “3310”-т “Snake” буюу “Могой”-г суулгахаа ч мартаагүй байна.
"HMD Global” компанийн мэдэгдсэнээр, уг гар утасны үнэ нь 51.75 доллар аж.
Г.Доржханд