Бөөрөлжүүтийн “нинжа” нарыг орон нутаг руу нь буцаалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-02-14 22:24:23

Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүтэд “Алт их гарлаа” гэх мэдээллийн улмаас иргэд олноор цуглаад байсныг аймгийн Цагдаагийн газраас тараагаад байна.

Уг газарт Улаанбаатар хот, Дархан, Орхон, Булган, Өмнөговь, Архангай, Баянхонгор аймгуудаас 200 орчим автомашин, 500 гаруй хүн цуглаж, 15 орчим метр гүн нүх ухан гар аргаар алт олборлож байсан бөгөөд архи  согтууруулах ундаа хэрэглэн гэмт хэрэг гаргах, амь насаа алдах хэмжээнд эрсдэлтэй нөхцөл бүрдээд байсан учраас аймгийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн 3 хоног ажиллаж,  иргэдийг орон нутаг руу нь буцаажээ.

Мөн 40 гаруй автомашиныг түр саатуулж, худалдаа наймаа эрхэлж, хоол хийж зарж байсан айл өрхүүдийг нүүлгэн иргэдэд зөв мэдээллийг хүргэсэн байна. Ухсан нүхнүүдийг дарах ажилд Уянга сумын  ЗДТГ-аас 2 сая орчим төгрөгийг зарцуулаад байна.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ