Төслийн үр дүнд далд хөрсний тариалалт нэмэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-02-14 21:49:37

“Каритас-Монгол” ТББ-аас “Шинэлэг санаан дээр суурилсан хүнсний аюулгүй байдлыг хангах төсөл II”–ийг Өвөрхангай аймагт амжилттай хэрэгжүүлж дуусгалаа. Төслийн үр дүнд Өвөрхангай аймаг 2880 м2 талбай бүхий 90 ширхэг нарны энергээр ажиллах гурван улирлын хүлэмжтэй болж, далд хөрсний тариалалт нэмэгдэн импортын хүлэмжийн ногооны хэрэглээг бууруулах нөхцөл бүрдээд байна.

Төсөлд хамрагдагсдын тариалдаг ногоо 20-иод нэр төрлөөр нэмэгдэж, өргөн хэрэглэж хэвшээгүй навчит ногоог тариалах, тарьж ургуулсан ногоогоо хоол хүнсэндээ ашиглах зэрэг үр дүн гараад байгаа юм.

Тус төсөлд 55 өрх айл хамрагдаж, өвлийн хүлэмжинд тариалалт хийх арга технологиос суралцжээ. Тухайлбал шинэлэг технологийг дэлгэрүүлэх зорилгоор иргэдэд нарны энергээр халдаг гурван улирлын хүлэмжийг 50 хувийн хөнгөлөлттэй нийлүүлж, төрөл бүрийн навчит ногоо тариалах болон үрслэг бойжуулахад үр бордоогоор хангах, тариаланчдыг сургах, дадлагажуулах ажлуудыг хийжээ.

2014-2016 он хүртэл хэрэгжсэн төслийн хаалтын арга хэмжээ энэ сарын эхээр болж, төсөлд хамрагдсан 55 өрхийг үйл ажиллагааны үр дүнгээр нь шалгаруулахад Соёолж бүлгийн ахлагч Б.Батжаргал 1 дүгээр байр, Арвин ургац бүлгийн гишүүн Г.Эрдэнэ-Их 2-р байр, Арвин ургац бүлгийн гишүүн н.Баяртогтох 3-р байранд тус тус шалгарч өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнуулав.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ