Жилийн турш угийн бичгээ хөтөлсөн 100 гаруй сурагч үзэсгэлэн гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-02-11 23:51:08

Завханы Ургамал сумын ИТХ-аас сумынхаа сургуулийн сурагч бүрийг угийн бичгээ зөв хөтөлдөг болгох ажлыг өрнүүлээд нэг жил болжээ. Өнгөрсөн жилийн тавдугаар сараас эхэлсэн энэ ажил хоёр үе шаттай явагдаж цагаан сарын өмнөхөн үзэсгэлэнгээ гаргаад байна.

Өвөг дээдэс, садан төрлөө  зөв мэдэх, таних, хүндлэх бахархах, удам угсааныхаа алдрыг ахан дүүс, удмаараа хамгаалах, удам судраа цэвэр ариунаар авч явж, эрүүл чийрэг бие бялдартай иргэдийг бий болгох зорилготой энэ ажлын хүрээнд 100 гаруй сурагч, 60 гаруй залуучууд угийн бичгээ хөтөлж сурчээ. Эдгээр сурагч, залуучуудын өөрсдийн хөтөлсөн угийн бичиг, угийн бичгийн үүх түүхтэй холбоотой сонирхолтой баримт, ном товхимол бүхий 130 аад бүтээл дэлгэгджээ. Монголчууд “удам угсаагаа мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил” хэмээн ярьдаг бөгөөд хүн бүр өөрийн уг үндэс, ураг төрлөө сайтар мэдэн, үр залгамждаа учир түүхийг нь зөв ухааруулдаг уламжлалтай. Мөн үзэсгэлэнд тавигдсан угийн бичгээс есөн үеэ бүрэн дүүрэн бичсэн  хүүхдүүд цөөн байсан нь цаашид угийн бичгээ хөтлөх нь нэн шаардлагатай байгааг харуулж буй юм. Ер нь өөрийн уг язгуурынхаа түүхийг өндөр дээд өвгөөсөө эхлэн аман болон бичгийн хэлбэрээр дамжуулан хойч үедээ үлдээх уламжлал монголчуудын дунд нэн эрт үүсч, өөрсдийн уг гарал, угсаагаа сайн мэдэж байсныг түүхийн олон баримт гэрчилдэг. Ургийн бичиг нь түүх соёлын ач холбогдолтойн зэрэгцээгээр удмын эрүүл мэндийн байдлыг мэдэх толь юм гэдгийг зохион байгуулагчид онцлов.

Цаашид энэ ажлыг жил бүр уламжлан явуулж сумынхаа нийт иргэдийг угийн бичигтэй үүх түүхээ дээдэлсэн иргэд болгоно хэмээв.  

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ