Өвөрхангайд 200 гаруй хос үргүйдлийн шалтгаантай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙЭх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Үргүйдлийн кабинетийн эмч нар Өвөрхангай аймагт ажиллалаа.
Монгол улсын хэмжээнд 780 мянга гаруй өрх, гэр бүл аж төрдөг бөгөөд гэрлэлтийн бүртгэл жилд дунджаар 18 хувийн өсөлттэй байдаг. Гэвч нийт гэр бүл бологсдын 15 хувь нь үргүйдэлтэй байна гэх судалгааг Монголын эмэгтэйчүүдийн эмч нарын “Эрүүл өрх бүл” нийгэмлэгээс гаргасан бөгөөд хөдөө орон нутагт ч энэ асуудал нийтлэг тулгамдаад байна. Тиймээс орон нутгийн эмч, мэргэжилтнүүдэд үргүйдлийн шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйлс, эмчилгээний талаарх мэдлэг, мэдээлэл өгөх сургалтыг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Үргүйдлийн кабинетаас зохион байгуулж байгаа аж.
Өвөрхангай аймагт 280 гаруй хос хүүхэдтэй болохгүй байна гэх шалтгаанаар мэргэжлийн эмчид хандсан байх бөгөөд 206 иргэн үргүйдлийн шалтгаантай байгаа юм. Энэ нь зөвхөн амбулаторид хандаж, бүртгүүлсэн иргэдийн тоо бөгөөд үүнээс хавьгүй олон хүнд энэ асуудал тулгамдаад байгаа гэдгийг аймгийн БОЭТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмч М.Цэгмид хэллээ.
Нөхөн үржихүйн насны хосууд жирэмслэлтээс хамгаалах арга хэрэглэхгүй тогтмол бэлгийн харьцаанд байсан нөхцөлд 1-1,5 жилийн хугацаанд жирэмслэхгүй байхыг үргүйдэлтэй гэр бүл гэх ба 40-45 хувь нь эрэгтэйчүүдээс, 50 гаруй хувь нь эмэгтэйчүүдээс шалтгаалж байгаа аж.
Б.Батчимэг