Согтууруулах ундаагаар үйлчлэхийг түр хориглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-01-19 01:19:23

Дархан-Уул аймгийн Засаг дарга захирамж гаргаж, энэ сарын 18-20-нд хугацаанд аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг  түр хугацаагаар хориглож захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн МХГ, Цагдаагийн газарт үүрэг болгосон байна.

“Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хориглох тухай” 2017 оны нэгдүгээр сарын 17-ны А/20 тоот захирамжийн талаар аймгийн ЗДТГ-аас хэвлэлийн хурал хийж, нийтэд мэдээллээ.

Хэвлэлийн хуралд аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга С.Баясгалан, Мэргэжлийн Хяналтын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, Цагдаагийн Газрын Нийгмийн Хэв журмын тасгийн дарга Б.Баттулга нар оролцож орон нутгийн ХМБ-ын сэтгүүлчдэд мэлээлэл хийлээ.

Аймгийн ЗДТГ-ын ХБХОХ-ийн дарга С.Баясгалан хийсэн мэдээлэлдээ:-“Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт “Мөнхийн-Од” хувийн үйлдвэрийн архийг уусан таван хүн хордсонтой холбогдуулж тухайн үйлдвэрийн архи манай аймагт орж ирж худалдаалагдаж байх магадлал өндөр учраас ийм арга хэмжээ авч байна” гэв. Мөн Цагдаагийн Газрын НХЖ-ын тасгийн дарга, Цагдаагийн хошууч Б.Баттулга:-“Аймгийн Засаг даргын захирамж гарсантай холбогдуулж тус аймагт ажиллаж байгаа согтууруулах ундаа худалдаалдаг хүнсний дэлгүүрүүд, энэ үйлчилгээ эрхэлдэг баар, ресторан, цэнгээний газруудад мэргэжлийн болон хяналтын байгууллагуудын төлөөлөл оролцсон баг гарч шалгалт хийж байна” гэлээ.

Аймгийн Цагдаагийн газраас эрхлэн энэ сарын 16-наас эхлэж Дархан сумын хэмжээнд согтууруулах ундаа худалдан борлуулдаг 457 аж ахуй нэгжид хяналт шалгалт хийж уг архийг худалдан борлуулж байсан дөрвөн ААН-ээс 17 шил архийг хурааж авчээ. Мөн өнгөрсөн оны 12 дугаар сард Цагдаагийн газраас шалгалт хийж гурван аж ахуй нэгжээс нийт 1064 шил архийг хураан авч мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж холбогдох байгууллагаар шинжлүүлэхэд уг архи нь стандартын шаардлага хангаагүй, Онцгой албан татварын тэмдэгт хуурамч гэсэн дүгнэлт гарчээ. Иймд иргэд стандартын шаардлага хангаагүй, хямд үнэ өртөгтэй, чанарын баталгаагүй, хаана үйлдвэрлэсэн нь тодорхой бус архи согтууруулах ундаа худалдан авч хэрэглэхгүй байхыг аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн Хяналтын газраас сэрэмжлүүлэг гаргасан байна.

      Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ